Monday, November 22, 2010

Traffic terror

 Террор гэж юу вэ? Хамгийн энгийнээр тайлбарлавал хууль бус зэвсэгт бүлэглэлийн улс төрийн зорилготойгоор хүчирхийлэл үйлдэх явдал юм. Энгийн иргэдэд террор: ака-47 барьсан алан хядагч, амиа хорлогч бөмбөгдөгч, үй олон хүнийг хамарсан цуст үйл ажиллагаа түүнийг дагасан суртал ухуулга, уй гашуугаар төсөөлөгддөг.

17.зуунд Францид өрнөсөн хувьсгалаар анх литературт орсон террор гэх нэр томъёо өнөөдөр янз бүрийн салбарт хэрэглэгдэх болжээ. Жишээ нь: төрийн террор, хөл бөмбөгийн террор, авто замын террор гэх мэт.

- Төрийн террор гэж товчхондоо төрөөс иргэдийнхээ эсрэг хууль бусаар хүч хэрэглэх явдлыг хэлж болно. 37 оны үйл явдал үүний нэг жишээ байж болох талтай.

- Хөл бөмбөгийн террор гэж хөл бөмбөгийн тэмцээний үеэр болон хөл бөмбөгтэй холбоотой аливаа асуудлаар хөгжөөн дэмжигчдийн хоорондын хүчирхийлэл болон хөгжөөн дэмжигчид ба хууль сахиулагчдын хооронд үүссэн мөргөлдөөнийг ойлгож болно.

Харин энэ удаа авто замын террорын тухай өөрийн бодлоо хуваалцахаар шийдлээ.

...Өчигдөрхөн зурагтаар мэдээ үзэж байтал /Туркэд/ нэг авто осолд 16 хүн нас барсан байна. Өдөр болгон ийм мэдээ гарч байдаг болохоор бид /тэд/ бараг л "дөжирчихсөн" байх гэж би боддог юм. Гэтэл барагийн дайнд үрэгдэгсдээс хавьгүй олон хүн жил бүр авто ослоор нас барж байдаг. Миний аав ч тэдний нэг байсан. Машин унасан согтуу нөхөр ойр дотны чинь хүний амийг зуурдаар аваад явах ямар хэцүү байдгийг энэ зовлонг амссан хүн сайн ойлгоно. Тиймээс ч тэр хариуцлагагүй жолоо баригчдыг "авто замын террорист", харин үйлдлийг нь "авто замын террор" гэж нэрлэдэг болсоор уджээ.

Авто ослын хохирлыг тоочоод баршгүй. Үнэтэй цайтай хөрөнгөөрөө хүмүүс хохирно. Үнэлж баршгүй хүний амь нас сүйднэ. Эсвэл насан туршдаа тахир дутуу үлдэх явдал энүүхэнд. Ард үлдсэн ар гэр, ах дүүгийнх нь уй гашууг хэмжих аргагүй. Дээр нь тухайн улс оронд учрах хохирол нь тоймгүй их. Юу вэ гэж үү? Авто ослоор буюу "цаг бусаар" нас барагсдын /хөдөлмөрийн чадвараа алдагсдын/ ихэнхи нь ид ажиллаж хөдөлмөрлөх, ар гэр, улс нийгэмдээ ихийг хийж бүтээх насан дээрээ байдгийг судлаачид нотлодог. Үүнийг яг л хичээнгүйлэн арчилж тарьсан ногоогоо хоолондоо хэрэглэхээс чинь өмнө үерт урсаад явчихтай эсвэл өчнөөн жил зовж цуглуулсан мөнгөө хадгалсан сейф чинь шатчихтай зүйрлүүлж болно. Хайран биш гэж үү!
Анзаараад байхад иргэдийн хөдөлгөөнд оролцох соёл нь тухайн улс орны хөгжлийн түвшинтэй шууд хамааралтай юм шиг ээ. Манайхны замын хөдөлгөөнд оролцох соёлыг та бүхэн надаар хэлүүлтгүй сайн мэдэх биз ээ.
  1. Замын хөдөлгөөнд оролцохыг "уралдаан" гэж ойлгох явдал. Хэрвээ хэн нэгэн хажуугаар гүйцэж түрүүлэх гэвэл бид эгдүүцээд улам л хаазаа нэмдэг. Хэн нэгэн биднийг гүйцэхээр "доош нь орчих" гэж байгаа юм шиг л аашлана.
  2. Дохиогүй уулзвар дээр хэзээ нь нөгөө урсгалдаа зам тавьж өгөхийг бодохгүй бүгд л урагш зүтгээд байдаг. Ингэснээрээ улам л их түгжрэл үүсгэж үнэтэй цагаа алдахад хүрдэг.
  3. Хэрвээ өөдөөс ирж яваа машин холын гэрэлтэй явж байвал уурандаа өөдөөс нь бас холын гэрлээ тусгадаг. Ингэснээрээ өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлыг улам аюултай байдалд оруулж байгаагаа ухаардаггүй.
  4. Тэвчээргүй. Хэдхэн секунд юм уу хэдэн минут хүлээж чаддаггүй. Үнэхээр яаруу чухал ажилтай юм уу гэхээр бас хэцүү. Яарч замын хөдөлгөөнд орсноос цагаа зөв төлөвлөж сурвал ямар вэ.
  5. Бусдын машиныг хааж parking хийчихээд хэнэггүйтээд хэдэн цаг алга болчихдог хүмүүсийг "боогоод алчихмаар" (жаахан хэтрүүлж байгаам шүү) санагддаг юм. Тийм биш гэж үү.
  6. Баригдаагүй л бол хулгайч биш гэдэг шиг бүгд л баригдах хүртлээ согтуугаар машин барихаас "жийрхдэггүй". Мэдээж үүнд хууль, эрх зүйн зохицуулалт чухал нөлөөтэй.
За тэгээд жагсаагаад бичвэл барагдахгүй их юм болно доо. Дээрх жишээнүүд хамгийн түгээмэл, гол нь цэвэр жолоочоос хамаарах алдаанууд юм. Товчхондоо машин барина гэдэг ууртай, шартай, тэвчээргүй, түрэмгий хамгийн гол нь ухамсар дорой хүний хийх ажил биш ээ.
Хэзээ ч билээ нэг ийм үг сонсож байсан юм байна. "Машиныхаа хаалгыг онгойлгоод жолооны ард суухдаа яг л шоронгийн хаалгыг татаад дотор нь түр сууж байна гэж бодох хэрэгтэй. Нэг хөл чинь эрх чөлөөт амьдралд, нөгөө хөл чинь торны цаана гишгээтэй байгаа шүү".

Эцэст нь надад ганцхан санал байна. "Би мянга хичээгээд бусад нь дүрмээ биелүүлдэг биш" гэсэн гутранги бодлоо орхицгооё. Бусад нь дүрэм зөрчиж л байг. Битгий тоо. Та л ухамсартай, соёлтой хөдөлгөөнд оролцсон хэвээр байвал бусад нь хар аяндаа өөрчлөгдөх л болно. Өөрөөсөө эхэлцгээе гэсэн санаа.

2009-12-30 02:02:28

No comments:

Post a Comment