Monday, November 22, 2010

Шинэ жил

Хүн төрөлхтний үүсэж хөгжсөн хугацаатай харьцуулахад хүний амьдрал гэдэг өчүүхэн богинохон хугацаа. Яг л хүний дундаж наслалтыг хүн төрөлхтний настай зүйрлэвэл бидний амьдрал нүд ирмэх төдий л зурвасхан үе байдаг. Зарим хүмүүс нэг л зуунд "ирээд буцдаг" байхад та бидний үед 2 зуун битгий хэл 2 мянганы зааг дээр амьдрах ховорхон хувь тохиосон. Сайхан мэдрэмж биш гэж үү.

Өнөөдөр өчигдрийн үргэлжлэл, маргаашийн эхлэл байдаг шиг үнэн хэрэгтээ 2009 оны 12 сарын 31, 2010 оны 1 сарын 1-ны хооронд ямар ч ялгаа байхгүй. Нар манддагаараа мандаж, сар түгдэгээрээ түгнэ. Шинэ он гарч байгаа ч шинэ юм их ховор.

Тэгвэл бид яагаад шинэ жил болохоор хөөрч баясдаг юм бэ?

Хамгийн гоё даашинз/хүрэм/-аа өмсөөд, тансаг ширээний ард үдшийг өнгөрөөж, хажуугаар нь олон олон surprice /гэнэтийн бэлэг/-тай учирдаг болохоор шинэ жилд би(д) дуртай. Гэхдээ хамгийн гол нь энэ биш байх гэж би боддог.
Он жилүүд яг л дэвтрийн хуудсууд шиг. Нэгийг нь дүүртэл юм эрээччихээд хуудсаа эргүүлээд шинэ хуудастай золгодог. Магадгүй хуучин хуудсан дээрээ бид зөндөө алдсан, баллаж сохлосон, муухай бичсэн зүйлс бишгүй л байдаг. Гэвч шинэ хуудас эргүүлээд бүгдийг шинэ мөрнөөс эмх цэгцтэй, илүү хичээнгүйлэн "бичих" боломж бидэнд олддог болохоор би(д) шинэ жилд дуртай.

Хүний амьдралыг extreme sport-той зүйрлэвэл адреналин дээд цэгтээ хүрдэг зарим мөчлөгүүд байдаг. Сургуулиа төгсөж ажилтай болох, гэрлэж хүүхэдтэй болох, амжилтанд хүрэх ч гэдэг юм уу. Тэрэн шиг шинэ он солигдох мөчид бид бөөн энергиэр цэнэглэгдчих шиг л болдог. Шинэ оны ажлын анхны өдөр цаанаа л өөр байдаг. Уг нь хуучин өрөө, ширээ, сандал минь намайг угтдаг ч хүн болгоны нүдэнд -Өнөөдрөөс л... гэх шиг оч үзэгддэг.

Уурлаж бухимдсан үедээ унтаад сэрэхээр таагүй явдал огт болоогүй ч юм шиг, эсвэл дээр үед болсон юм шиг бүүр түүр санагдаж, сэтгэл санаа тайван болсон байдаг. Үүний адилаар та ч бас муухай дурсамж, азгүйтэл бүхнээ ардаа орхиж, шинэ ондоо "шинээр төрсөн юм шиг" л өөдрөг хийморьтой ороорой.

2009-12-18 07:30:23

1 comment:

  1. Onootoi aldaatai bichsen devterniihee huudas burt, mur burt bi hairtai.Uuriinhuu songolt, husleer bichsen bolohoor ter baih. Shine bodol uhaaral ugch baidag anddaa bayarlalaa. SHINE ONII MEND!

    ReplyDelete