Monday, November 22, 2010

Тэмүжин Жамуха 2 андууд байсан уу?

Би л лав үгүй гэж хэлнэ. Тэдний хооронд байсан өрсөлдөөн, үл ойлголцлоос болж ингэж хариулж байгаа юм биш шүү.

Би "Монголын Нууц Товчоо"-г унших дуртай. Хүүхэд байхаасаа л амтархан уншдаг байсан одоо ч хэвээрээ. "Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно" гэж ирээд бараг л цээжилчихсэн байлаа "худалч хүнд".

Харин саяхан уншиж байгаад нэг "сонин юмтай" таарлаа.
Чингис хааны дээд өвөг Бодончар гэдгийг бид мэднэ. МНТ-ны 40.зүйлд Бодончар нэгэн жирэмсэн эмийг эхнэр болгон авч, түүнээс төрсөн хүүхдийг нь Жажирадай гэж нэрлэсэн тухай өгүүлдэг. Жажирадай нь Жамухагийн өвөг. Жажирадайгаас хойш Жамуха хүртэлх ургийн хэлхээ нь:

1.Бодончарын дагавар хөвүүн Жажирадай гэе
2. Жажирадайн хөвүүн Түгүүдэй
3. Түгүүдэйн хөвүүн Бури булчиру
4. Бури булчиругийн хөвүүн Хар хадаан
5. Хар хадааны хөвүүн Жамуха гэжээ.

Тэгвэл Тэмүжингийн ургийн хэлхээ нь:

1. Бодончарын хөвүүн Хабичи баатар /43.зүйл/
2. Хабичи баатарын хөвүүн Мэнэн тудун /45.зүйл/
3. Мэнэн тудуны хөвүүн Хачи хүлүг /45.зүйл/
4. Хачи хүлүгийн хөвүүн Хайду /46.зүйл/
5. Хайдугийн хөвүүн Бай шинхор догшин /47.зүйл/
6. Бай шинхорын хөвүүн Тумбинай сэцэн /47.зүйл/
7. Тумбинай сэцэний хөвүүн Хабул хаан /48.зүйл/
8. Хабул хааны хөвүүн Бартан баатар /48.зүйл/
9. Бартан баатарын хөвүүн Есүхэй баатар /50.зүйл/
10. Есүхэй баатарын хөвүүн Тэмүжин /59.зүйл/

Бодончараас Тэмүжин хүртэл 10 үе өнгөрсөн байхад, Жамуха хүртэл 5хан үе өнгөрсөн байгаа нь гайхалтай биш гэж үү. Ийм магадлал байж болох уу? Онолын хувьд байж болох л юм. Жишээ нь Жамухагийн удмынхан дандаа 40 настайдаа хөвгүүдээ гаргаад Тэмүжингийн удмынхан дандаа 20-тойдоо "аав болоод" байсан гэвэл тэд чацуутнууд байж болох талтай. Гэвч амьдрал дээр биелэхэд их түвэгтэй харагдаж байна. Тэгэхээр Тэмүжин, Жамуха 2 андууд байсан юм болов уу?

Би их түүхээрээ бахархдаг. Тэр түүхийн нэг үргэлжлэл нь гэж бодож өөрөөрөө бахархдаг. Тийм болохоор Тэмүжин, Жамуха 2-ийн нөхөрлөл-тэмцэлд би эргэлздэггүй. Манай түүх судлаачид энэ талаар оновчтой тайлбар гаргах биз ээ.

2009-06-08 19:30:17

No comments:

Post a Comment