Monday, November 22, 2010

7 сарын 1-нд хэн хожсон бэ?

Нэг.МАХН
Намынхаа байрыг шатаалгуулж, дотор нь байсан хамаг л эд хогшил, бичиг баримтаа шатаалгахыг нь шатаалгаж, тонуулахыг нь тонуулсан энэ нам лав хожоогүй гэж би боддог. Зарим хүмүүс 7 сарын 1-нийг МАХН-ын дэглэсэн жүжиг гэж харддаг. Би л хувьдаа тус намыг ийм өндөр өртөгтэй, нарийн төлөвлөсөн жүжиг тавьсан гэдэгт итгэдэггүй.

Хоёр.АН
2004 оноос 2008 оны сонгууль хүртэл МАХН-ын "сурлагын дэвтэр" муу дүнгээр дүүрэн байхад АН-ын рейтинг хамаагүй өндөр байсан ч 7 сарын 1-ны үйл явдал болон түүний дараа ар араасаа өрнөсөн үйл явдлуудаас болж тус нам олон дэмжигчээ алдсан гэж би боддог.

Гурав.Иргэний хөдөлгөөн
Анх 2004 онд Батзандан, Магнай тэргүүтэй залуучууд монголчуудад шударга бус төртэй тэмцэх арга байдгийг харуулсан. Тэр үед амтай болгон тэднийг шударга сайн залуус хэмээн магтаж байсан. Магадгүй өнөөдөр ч шударга хэвээрээ биз. Гагцхүү ард түмний итгэлийг ардаа тээж урагшаа зүтгэхдээ тэд алдаа гаргасан.

Дөрөв.Ард түмэн
Цагдаа ч бай энгийн ч бай, ху нам ч бай ардчилсан нам ч бай, хулгайч тонуулчин ч бай бүгд л ард түмэн байдаг. Энэ өдөр олон хүний амь сүйдэж, олон хүн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон. Гол нь монголчууд сэтгэл санаагаараа хохирсон. Тиймээс "тоглоом"-нд хэн ч хожоогүй.

Тав. Бид юу хожсон бэ?
Бид нэг л зүйлийг хожсон. Тэр бол сургамж. Дахиад хэн нэгний тоглоомонд "шатрын хүү"гийн дүрд тоглохгүй байх сургамжийг бид авсан. Ардчиллыг ардчилсан замаар хамгаалж бэхжүүлэх учиртай гэдгийг ойлгосон нь бидний хожил байсан. Ингэж би бодсон. Тэгээд би бичсэн.

2009-03-29 06:10:08

No comments:

Post a Comment