Монгол улс: газар нутаг 1,564,116 км², хүн ам 2,671,786 (2009 оны тооцоогоор), нийслэл нь Улаанбаатар... г.м. Энэ бол Монголчууд бидний бодит ертөнц дээр эзлэн буй орон зай.
Тэгвэл зогсолтгүй хүрээгээ тэлж буй цахим ерцөнцөд бидний эзлэх орон зай юу вэ?
Миний бодлоор интернэтээс хүссэн мэдээллээ олж авах боломж, сонголтын цар хүрээ бидний цахим орчин дахь орон зайг тодорхойлох болов уу. Өөрөөр хэлбэл интернэтэд байршсан монгол хэл дээрх бүх төрлийн файлын цогц бидний интернэтэд эзлэх орон зайг илтгэнэ.
Жижигхэн туршилт хийж үзье.
Би Google-д хамгийн түгээмэл хэл болох англи, харьцангуй бага түгсэн хэл болох турк болон монгол гэсэн 3 хэл дээр “газар хөдлөлт” гэж бичээд хайлт хийж үзлээ. Тэгсэн:
- Англи хэл дээр 56.300.000 үр дүн,
- Турк хэл дээр 2.150.000 үр дүн,
- Монгол хэл дээр 166.000 үр дүн олдож байна.
Өөрөөр хэлбэл газар хөдлөлтийн талаар мэдээлэл цуглуулах гэсэн монгол хүн хэрвээ гадаад хэлгүй бол турк хэлтэй хүнээс 13 дахин, англи хэлтэй хүнээс 339 дахин бага үр дүн олно гэсэн үг.
Мөн “ёс зүй” гэж бичээд хайхад:
- Англи хэл дээр 12.200.000 үр дүн,
- Турк хэл дээр 4.420.000 үр дүн,
- Монгол хэл дээр 165.000 үр дүн олдлоо.
Хангалтгүй биш байна гэж үү?! Өдрөөс өдөрт хүмүүс илүү хялбар замаар мэдээлэлд хүрэхийн тулд ном, сонин сөхөж харахаасаа илүүтэй интернэтэд ороод хүссэн зүйлээ авчихдаг явдал өсөж байгаа энэ цаг мөчид интернэт дэх монгол хэл дээрх эх сурвалжийг баяжуулахад интернэт хэрэглэгч хэн бүхэн өөрийн хувь нэмэрээ оруулах нь зүйтэй болов уу.
- Яаж?
- Лав л copy-дож биш.
Интернэт дэх мэдээлэл хэрхэн баяждаг юм бэ? Миний бодлоор 3 замаар баяжигддаг болов уу.
1. Шинийг сэтгэх. Бодитоор ч тэр нэт-д ч тэр байдаггүй жинхэнэ оригиналь санаа /энэ нь нийтлэл, зураг, хөгжим г.м ямар ч хэлбэртэй байж болно/-гаа нэт-д байршуулж бусадтай хуваалцана гэсэн үг. Энэ тал дээр блогчдыг хамгийн их үүрэг гүйцэтгэдэг гэж би боддог.
2. Орчуулга. Монголоос бусад хэл дээрх бичлэгийг орчуулж нийтлэх нь интернэт дэх монголчуудын орон зайг тэлэх хамгийн том боломж. Янз бүрийн мэдээний сайтууд энэ талаар үлгэр үзүүлдэг.
3. Шивэх. Биетээр байдаг ч нэт-д байршаагүй файлийг шивж интернэтэд оруулна гэсэн үг. Бичмэл эх сурвалжийг гартаа оруулахад учирдаг түмэн бэрхшээлийг давахад энэ чиглэлээр “дагнагсдын” үүрэг маш чухал.
Хуулан бичлэг: Миний байнга орох дуртай нэг сайт байдаг л даа. Түүний нэг идэвхтэн гишүүн нийт 124 бичлэг оруулсных нь дөнгөж 19 нь л өөрт нь хамаатай бусад нь дандаа иймч.ком, тиймч.мн гэх мэт сайтуудад хэдий нь байршчихсан бичлэгүүд байсан. Тэгсэн зарим хүмүүс түүний үйлдлийг интернэт дэх монгол эх сурвалжийг баяжуулж байна гэж андуурсан байдаг. Ив ижилхэн юмыг хичнээн ч хувилж нэт-д тавьсан тэр зүйл өөрчлөгдөхгүй. Өөрөөр хэлбэл монгол эх сурвалж баяжаад байгаа юм биш л дээ.
Интернэт бичлэгийн тухай ярьж байгаа болохоор дагаад нийтлэгчийн ёс зүйн талаар ярих нь зүйтэй байх. Нэгэнт нийтэд хандаад нэт-д байршчихсан юмыг хүссэн нь авч хэрэглэж болно. Үүнтэй хэн ч маргахгүй байх. Гэтэл бусдын нийтлэлийг хуулж биччихээд эх сурвалжаа дурьдах нь битгий хэл өөрөө биччихсэн юм шиг цээжээ дэлдээд явдаг зарим нөхдийг яг юу гэх вэ?!
Эцэст нь интернэт дэх монголчуудын орон зайг тэлэх сонирхолтой залуус маань хялбар мөртлөө явуургүй арга болох “хуулан бичлэг”-ээр хөөцөлдөхийн оронд жижиг ч гэсэн шинийг сэтгэж, бага ч гэсэн зүйлийг гадаад хэлнээс орчуулж, залхууралгүй нэг номын товчийг ч атугай шивээд нэт-д тавьдаг байгаасай.
No comments:
Post a Comment