Monday, November 22, 2010

Би үхлээс үхтлээ айдаг

...Үхлийн тухай бодохоор дотор давчдаад үхмээр болох юм. Хэзээ нэгэн цагт, хаашаа ч юм бүү мэд, хамаг хайртай дуртай бүхнээ орхиод явна гэж бодохоор аймаар байгаа биз.

Дурсамж дүүрэн хүүхэд нас, гал халуун залуу нас, хайртай хань, үр хүүхэд, хамаатан садан, найз нөхөд, хуруу хумсаа хугалан байж босгосон амьдрал, нэр хүнд, байр суурь, дуртай кино, дуу хөгжим, хоол унд, амтат дарс, унтлагын өрөө, төрсөн өдрийн баяр, цас, бороо, мандах нар, хотын чимээ, малын бууц, баяр, гуниг, ганцаардал, мөрөөдөл... энэ бүгдийг орхиод явна.

Очих газарт минь (хэрвээ очих газар гэж байгаа бол) энэ бүгд байх эсэхийг би мэдэхгүй.
Нойр хулжсан зарим шөнө элдвийн юм бодож хэвтэхэд ёртой юм шиг үхлийн тухай бодол толгойд орж ирэх нь муухай. Муухай бодлоосоо салахын тулд бушуухан бодол санаагаа өөр юманд төвлөрүүлэх гэж хичээдгээ хүнд хэлэхэд ичмээр ч юм шиг.

Нэгэнтээ Дейл Карнеги номондоо "Гарцаагүй юмнаас айх хэрэггүй" гэж бичсэн байдаг. Үнэхээр ч өөрчлөх аргагүй гарцаагүй юмнаас айх хэрэггүй. Хэрвээ би (чи) үхлээс айвал өдөр болгон үхнэ, хэрвээ айхгүй бол нэг л удаа үхнэ. Ийм л байна даа найз нараа...

2009-03-29 02:22:41

No comments:

Post a Comment