Monday, November 22, 2010

Намайг уйлуулсан "Aftershock"

Хамгийн сүүлд ямар кино үзээд уйлж байснаа мартсаныг бодвол их удсан бололтой. Санаанд "Титаник"-т Кэйт Уинслит завьнаас хөлөг онгоцруу үсрээд, Каприо тэр 2-ын галзуу юм шиг бие биерүүгээ гүйж, тэврэлдэж, үнсэлддэг хэсэгт сэтгэл хөдөлж байсан минь л байна. -Ямар агуу хайр вээ л гэж бодож байлаа. Мэдээж үүнээс хойш бишгүй олон кино сэтгэлийн минь утсыг хөшиж байсан нь тодорхой.

Харин өнөөдөр Aftershock-ийг үзээд цурхиртал уйлснаа элдэв чамин үггүйгээр хуваалцъя гэж бодлоо. Хажууд намайг ичээх хүн байгаагүй болохоор харин ч нэг санаа амар уйллаа.

... газар хөдлөлтөнд нүднийх нь өмнө нөхөр нь нурангинд даруулж үхэхийг харсан ээжид аврагчид нурангин доороос хүүгээ аврах уу, эсвэл охиноо юу гэсэн гашуун сонголт хийхийг /учир нь тэд нэг бетонд дарагдсан бөгөөд зөвхөн нэгийг нь л аврах боломж тэдэнд байсан юм/ тулгана. Хэзээ ч, хэний ч хийхийг хүсэхгүй энэ сонголтонд эх хүүгээ сонгосноор охин үхэх учиртай байлаа. Гэтэл азаар охин амь гарах хэдий ч ээжийнхээ хийсэн сонголтыг өөрийн чихээр сонссон учраас насаараа ээждээ гомдож явах болно...

Кино 1976 онд Хятадын Таньшан хотод болсон газар хөдлөлтийн /240 гаруй мянган хүн үхсэн 20-р зууны хамгийн том газар хөдлөлт/ гай гамшиг, хүмүүний амьдралд үүсгэсэн үр дагаврыг нэгэн гэр бүлийн амьдралаар төлөөлөн харуулна. 2010 оны 7 сарын 22-нд нээлтээ хийсэн уг кино хэдий нь шуугиан тариад эхэлсэн байна билээ. Биз-ийн интернэт мангасууд Google-ээс Aftershock гээд хайхад энэ киног олоод үзчихэж болох байх.

Би ч бас бяцхан хүү, охин хоёртой. Тэр утгаараа мөнөөх зовлонт эхийн сонголт надад маш хүчтэй нөлөөлсөн л дөө. Хоёр нүдээ улайтал уйлсан би кино дууссаны дараа эхнэр хүүхдээ улам их хайрламаар санагдсан. Хэдийгээр тэд маань гараад хоёрхон цаг болсон ч надад зөндөө удчихсан юм шиг л санагдаж билээ.

Балчир хүүхдэд кино амархан нөлөөлдөг болоод ч тэр үү баатруудынх нь оронд өөрийгөө тавиад л мөрөөддөг байж билээ. Тэр цаг хэдий нь өнгөрч би том хүн болсон ч гэлээ өнөөдөр зарим нэг кино надад их хүчтэй нөлөөлөх юм. Тэдний нэг нь энэ кино байлаа.

Үзээд уйлаагүй гэж хэлсэн хүнийг би "худалч" л гэнэ. Үзсэн хүмүүс нь энд сэтгэгдлээ хуваалцаарай. Үзэж амжаагүйнууд нь хурдхан шиг үзээрэй. Ядаж л танд бага ч гэсэн ухаарал хайрлана.

"ХАЙРТАЙ БҮХНЭЭ АЛДАНА ГЭЭЧ ЮУ БОЛОХЫГ ТҮҮНИЙГ АЛДАХ ХҮРТЭЛ ТА МЭДЭЖ ЧАДАХГҮЙ"

2 comments:

  1. saina uu chamaig uildaggui bh gej bodoj blaa . hair gedeg zuil chinii zurhen dotor baidag yum bna

    ReplyDelete
  2. Өөрөө намайг таньдаг хүн үү. Намайг уйлдаггүй байх гэж бодсон гэхээр чинь. Хүн бүр уйлдаг. Харин зарим нь "би уйлдаггүй" гэж өөрийгөө хуурдаг.

    ReplyDelete