Тэгэхэд би дөнгөж 9 нас хүрээд хэдхэн хонож байсан юм. 1991 оны 2 сарын дундуур л байх. Гадаа цаанаа нэг зэврүүн хүйтэн өглөө би сэрээд амандаа дуу аялсан чинь эгч маань -Хар өглөөгүүр гингэнэлээ гэж намайг загнаж байсан санагдана.
Жаахан хүүхэд болохоор би анзаараагүй байх л даа. Хожим нь бодохнээ ах, эгч нарын маань царайнд нэг л түгшүүртэй харц тодхон байсан юм билээ. Гэтэл гаднаас ээж маань уйлсаар орж ирсэн. Бүгд уйлаад л... Би юу болсныг нь мэдээгүй ч тэднийг дагаж уйлаад л...
Урд орой нь аав, ээж хоёр маань айл хэсэхээр гараад шөнөдөө эргэж ирээгүй байсныг өчүүхэн би яаж мэдэх билээ. Согтуу жолоочийн балгаар гэрийнхээ гадаа аав минь осолд орсон. Ямар чухал хүнээ тэр үед алдсанаа би их хожуу ухаарсан. Хүүхдийн гэнэн бодолдоо "хар үүрээр дуу дуулсан" учраас аав минь явчихсан юм болов уу гэж нэг хэсэгтээ өөрийгөө буруутгаж билээ.
Аав маань "чухам үнэнийг цөөн үгээр хэлдэг" хүний сайхан хүн байсан. Олон сайхан аавууд байдаг ч миний аав үнэхээр онцгой хүн байж дээ гэдгийг цаг хугацаа надад харуулсан. Уурлана гэж бараг үгүй, тайван. Бидэнд огт гар хүрдэггүй ч ганцхан чанга дуугарахад нь бид өмдөндөө дусаатлаа айдаг байж билээ.
Дэндүү бага насандаа аавыгаа алдсан болохоор цөөхөн дурсамжтай хоцорчээ би.
Түүнээс хойш хэдэн жилийн дараа энэ зүүдийг би их олон зүүдэлсэн. "Аав хажуу орцны гадаа хүмүүстэй юм яриад зогсож байхыг би гал тогооныхоо цонхоор харах юм. Тэгээд л аав ороод ирэх юм шиг баярлаад л, хүлээгээд л... Даан ч аав орж ирэхгүй удаад л...".
Тэр цагаас хойш ээж маань гэрт орж эм, гадаа гарч эр болж, ах нар маань аавын оронд аав болжээ. Ааваас минь хойш ээж маань жаргаагүй байх аа. Угаасаа хосоор эхэлсэн амьдралаас хэн нэгэн нь холдон одохдоо хойно үлдсэнийхээ хамаг л аз жаргалыг аваад явчихдаг юм уу гэж надад бодогддог. Үр хүүхэд яахав өсөж том болоод өөр өөрийн мөрийг хөөгөөд явчихдаг шүү дээ. Гэхдээ ээж минь -Би жаргахаа жаргасаан гэж хэлэх дуртай.
Дэндүү хувийн шинжтэй энэ дурсамж минь хэнд ч сонин биш л дээ. Хэлэх гэсэн ганц санаа минь "аав, ээжийгээ амьдад нь хайрлаж, баярлуулж яваарай". Үр хүүхэд бид эцэг эхийгээ жаргаахгүй юм аа гэхэд ядаж зовоохгүй л байвал болох нь тэр. Хүний дор оролгүй амьдарч, ач зээнх нь зулайг үнэрлүүлж чадвал тэднийхээ ачийг хариулж яваа нь тэр гэж би боддог.
Он жил өнгөрөх тусам аавтайгаа улам төстэй болж байгаагаа ээжийнхээ амнаас сонсох надад сайхан санагддаг. Тэр хүний цусыг тээж яваадаа, нэрийг нь нэрнийхээ урд бичүүлж явдагтаа би бахархдаг.
Нэрийг чинь өргөж, удмыг чинь таслалгүй авч яваа шүү хүү чинь.
No comments:
Post a Comment