Monday, November 22, 2010

Хүмүүсийн харилцаанд техник, технологийн дэвшлийн үзүүлэх сөрөг нөлөө

21-р зуун бол мэдээллийн зуун гэх үг яг л онч мэргэн үг шиг чихэнд хоногшоод удаж байна. Ямартай ч хүмүүс мэдээлэлд их амархан бас хурдтай хүрч чаддаг болсон нь хэнд ч ойлгомжтой. Цагтаа хэл мэдээ нэгээс нөгөөд очих нь хэдэн хоног, сар, жилийг авдаг байсан бол өнөөдөр утасны нөгөө үзүүрт дэлхийн аль ч өнцөг холбоотой байдаг болжээ. Тэгэхээр энэ зуун бол яалт ч үгүй мэдээллийн зуун.

Нөгөө талаас техник технологийн хөгжил дэвшил хүний амьдралыг улам амар хялбар болгож/болгосоор байна. Угаалгын машин, гар утас, компьютер, интернэт, тоос сорогч, аяга таваг угаагч, шарах шүүгээ, хурдан галт тэрэг, mp3 тоглуулагч... г.м энэ бүгд захын жишээ.

Нэг их дээр үед биш ээ. Саяхныг болтол бид телевизын ганцхан сувагтай байж түүгээр юу гарсныг нь хүлцэнгүйгээр үздэг, Монголын радиогоос өөр сонсох радиогүй, хөдөөнөөс хотруу ярих гэж сумын холбоог “нуртал” нь хашгирдаг, интернэт сураггүй комьпютер гэдэг бараа нь цөөхөн харагддаг “баячууд”-ын зугаа, Walkman гэдэг сайхан амьтан CD player бол жинхэнэ од, хувийн машин тансаг хэрэглээ байлаа.

Харин өнөөдөр энэ бүгд хэрхэн өөрчлөгдсөнийг харах дэндүү хялбархан.

Тэгвэл бидний амьдралд дэндүү их хутгалдсан техник технологийн энэ үсрэнгүй хөгжил хүмүүсийн харилцаанд хэрхэн нөлөөлж байна вэ? Эерэг болон сөрөг тал нь юу вэ? гэсэн асуултад өөрийнхөөрөө хариулах гээд үзье. Эерэг талыг нь энд ярих нь илүүц биз. Тэгвэл сөрөг тал нь юу вэ?

Хүний хүмүүжилд орчин хамгийн чухал нөлөөг үзүүлдэг гэж би боддог. Энэ орчин нь эхийн хэвлийгээс эхлээд гэр бүл, сургууль, найз нөхөд болон ажлын хамт олон цаашилбал нийгмийн бусад иргэдтэй харилцаанд ордог бүх талбар байдаг. Гагцхүү техник технологийн дэвшил хүний орчинтойгоо, нийгэмтэйгээ харьцах талбарыг өдрөөс өдөрт хумиж байна. Өөрөөр хэлбэл хүмүүсийн харилцааг үгүй хийж байна. Үүнийг хэдэн жишээгээр илүү тодорхой болгоё.

Ямар нэгэн баяр, тэмдэглэлт үйл явдал болоход хүмүүс бие биедээ биечлэн баяр хүргэдэг байсан бол өнөөдөр утсаар яриад, мэссеж бичээд өнгөрөх нь элбэг. Баярын захидал, зурагт хуудасны орыг e-greetingcard авсан.
Сэтгэл догдлон хүлээдэг, дэрэн доороо хийгээд дахин дахин уншдаг байсан захидлууд аажмаар e-mail-д байраа тавьж өгч байна.

Оройн цагаар гэр бүлээрээ хар цагаан зурагтныхаа ард цуглаад ижилхэн зүйлийг үздэг байсан хүмүүс өнөөдөр өрөө өрөөндөө бүгээд хүссэнээ үздэг болжээ. Мэдээж урьд орой нь өөр өөр суваг үзсэн хүмүүс маргааш гэртээ, сургуульдаа, ажилдаа очоод үзсэн зүйлийнхээ тухай харилцан ярилцахад бэрхшээлтэй болсон нь лавтай.

Хүмүүсийн нэг дор цугладаг газар нэг их олон биш ээ. Нийтийн тээвэр, худалдаа, үйлчилгээний төв, кинотеатр, баар цэнгээний газар... г.м. Гэвч өдрөөс өдөрт дээрх газруудад хүмүүс цуглах нь багасах хандлага бий. Барууны орнууд үүний сонгодог жишээ. Тэд өлсвөл утсаар хоол захиалаад идчихдэг, хүссэн юмаа интернэтээр худалдаад авчихдаг, шинэхэн киног интернэтээс татаад үзчихдэг болсноор гэрээсээ гарах шаардлага аажмаар багасч байна.. Гарч гэмээнэ нийтийн тээвэрт биш хувийн машиндаа ганцаараа сууж, хөгжмөө чангалаад хүссэн дуугаа сонсох тэдэнд/бидэнд бусдыг “сонсох” алба байхгүй.

Олонхи албан газарт ажиллагсад нь хоорондоо зөвхөн мэссэнжерээр харилцдаг явдал ч үүний нэг жишээ. Энэ мэт технологийн дэвшил хүмүүсийн нүүр тулсан харилцааг аажмаар үгүй хийж улмаар тэднийг орчин, нийгмээс нь тасалж зожиг ганцаардмал байдалруу түлхэж байгаа жишээ олон.

Нийгмээсээ аажмаар тасарч өөрийнхөө ертөнцөд амьдрах болсон хүмүүс /бид/ өөрсдөө ч анзааралгүй зожгирч, улмаар нийгмээ, орчноо танихаа байх нь элбэг. /Үүнийг ганган хар тэргээр байнга зорчдог хүн автобусанд хэдэн цаг хөл дээрээ зогсож явах ямар хэцүү байдгийг ойлгож чадахгүйтэй адилтгаж болох юм/. Ийм хүмүүс эргээд нийгэмтэйгээ хөл нийлүүлж алхах чадваргүй болж, улмаар нийгмээ үгүйсгэж, өөрөөсөө бусдыг “аюул” гэж харддаг нэг төрлийн паранойд болох нь бий.

Эцэст нь дүгнэж хэлэхэд хүмүүсийн харилцаанд хохирол учруулж байна гээд өнөөдрийн технологиос татгалзах боломжгүй ч эл байдлыг ухамсарлаж, дотроо бодолтой дороо суурьтай явах нь “ганцаардмал ирээдүй”-гээс татгалзах гол алхам байх болов уу.

Жич: Энэ бичлэгийг бичих санаа нилээн дээхнэ метронд явж байхад анх төрсөн юм. Надаас эхлүүлээд олон залуус тэр метронд байсан ч бүгдийнх нь чихэнд mp3 зүүлгээтэй байсан. Биес нь нэг дор ч сонсож буй хөгжим нь ондоо болохоор бүгд өөр өөрийн ертөнцдөө л байсан. Дараа нь олон найзынхаа төрсөн өдөрт мэссеж бичих төдийхнөөр баяр хүргэснээ, ойрд гараар захиа бичээгүйгээ саналаа. Хүмүүс хүний өөдөөс хараад хэлж чадаагүй үгээ мэссежээр, мэссэнжерээр амархан хэлчихдэг болсныг бодлоо. Тэгээд л бичлээ.

2010-10-21 16:17-д бичсэн тодруулга.
Хүмүүсийн нүүр тулсан харилцаа гэдэг цахим харилцаанаас илүү ил тод, халуун дулаан, хуурмаг бус, чин сэтгэлийн байж чаддаг. Харин компьютерийн ардаас хаха, ккк, /:-)/ гэж бичсэн бүхэн цаанаа инээж байдаг гэвэл том эндүүрсэн болно шүү.

2010-10-21 18:32-д бичсэн тодруулга.
Нүүр нүүрээ харж уулзахаасаа илүүтэй хааяа нэг утсаар яриад, мэссеж бичилцдэг болчихсон нөхөрлөл хүчээ авч буй энэ цагт бид удахгүй цагаан сараар аав, ээжтэйгээ webcam-аар золгодог болчихсон байвал би лав гайхахгүй ээ.

2010-10-21 18:34-д бичсэн тодруулга.
Таны төрсөн өдрөөр дотны хүн чинь:

- Нэт-ээр greetingcard явуулах,
- Мэссеж бичих,
- Утсаар ярих,
- fm-ээр дуу захиалах,
- Шуудангаар захиа илгээх,
- Цэцэг бариад хаалгыг чинь тогшихын аль нь таныг илүү их баярлуулах вэ гэдэгт хариулах гээд үзээрэй. Тэр цагт миний санаа илүү тодорхой харагдах болно.

No comments:

Post a Comment