А: Байнуу
Б: Байнуу
А: Аа байна байна. За юу байна.
Б: Дарьгангын эмээ маань өнгөрчихлөө.
А: Юу уу... хэзээ
Б: Өнөө өглөө сэрээгүй гэсэн.
Б: 5 дахь өдөр гаргана гэсэн. Ээж маргааш Дарьганга явна.
А: Аан. Эмээ маань хэд наслав?
Б: 91. Хий настайгаа 92.
А: Аан.
Б: Заа за өөр юмгүй дээ. Хүүхдүүд чинь сайн уу
А: Сайн сайн. Би хэд хоногийн өмнө хамаг шүд үйрч уналаа гэж зүүдэлсэн. Даанч ээжид дуулгаж амжсангүй.
Б: Аан. Заа за өөр юмгүй.
А: Заа за.
Хөөрхий дөө эмээ минь. Үр хүүхдийнхээ ард орсноос биш сайхан урт л насаллаа даа. Ганц зул ч болтугай барих юмсан. Даанч Монголоос ганц цөгц ч авчирсан биш дээ. - 2 сайхан хүү, өвгөнийхөө ард ороод хадам ээж маань их л зовж байгаа хөгшин дөө гэж ээж дандаа л ярьдаг юм. Ер нь үр хүүхэд гэдэг эцэг эхээ сайн сайхан амьдарч, ач, зээг нь харуулж баярлуулахаа байг л дээ зүгээр л тэднийхээ өмнө орчихолгүй мэнд мэлтийгээд явж байвал барав гэж заримдаа бодогддог юм.
...Утас тасарсны дараа -Ум Ма Ни Бад Ми Хум гэж эмээдээ зориулж маани уншлаа. Тэгсэн чинь өвөр дээр минь сууж байсан дөнгөж л хэдэн үг хэлж эхэлж байгаа бяцхан охин минь - Умааний гээд дүрлийтэл аавруугаа харж байна. Энэ мөчид надад ингэж бодогдлоо. Үр ачтай хүн хорвоог орхисон ч үнэндээ бидний дунд дандаа л хамт байдаг байх. 90 гартал насалсан эмээгийн минь удмыг миний охин цаашилбал түүний үр ач үргэлжлүүлсээр л байх болно.
Хөөрхий дөө эмээ минь /санаа алдав/.
2010.02.28 Анкара
2010-03-01 06:18:01
No comments:
Post a Comment