Monday, November 22, 2010

Хүний амьдралын хамгийн том бэлэг-Хүүхэд



"18 нас хүрээд аавынхаа дэргэд тогтохоо болилоо би" гэж дуун дээр гардаг шиг нэг л өдөр эр бие өсөж эсгий сунаж, хосоор амьдрах хорвоогийн жамаар бүсгүй хүнтэй ханилан сууж гал голомтоо бадрааж байсан минь саяхан. Нэг л өдөр "ирж яваа шинэ хүн"-ий тухай эхнэр чинь чамд дуулгахад яг юу мэдэрч байгаагаа өөрөө ч ойлгохооргүй тийм олон янзын мэдрэмж эр хүнд төрдөг. Гэхдээ л тэр дундаас хамгийн хүчтэй мэдрэмж нь баярлаж догдлох байдаг.

Тэр мөчөөс эхлэн ирээдүйд чиглэсэн бүх л төлөвлөгөөнд "шинэ хүн" өөрийнхөө "дуу хоолойг сонсгож", нөлөөлж эхэлдэг. Хүн аливаа зүйлийг хүсэж хүлээхийн хирээр цаг хугацаа явж өгөхгүй байгаа мэт санагддаг шиг удаан хүлээсний эцэст "шинэ хүн" хорвоод мэндэлнэ. Гэхдээ энэ үйл явц энд бичиж байгаа шиг хялбар болж өнгөрөхгүй л дээ. Монголд хүүхэд төрүүлэх өдөр ирэх бүр амаргүй асуудал болж байгаад гэрч болон суух хэцүү. Танил тал, мөнгө цаас, төрөхийн өмнөх үзлэг шинжилгээ, эм тарианы өртөг, төрөхийн хүндрэл энэ тэр гээд л.

Энэ бүгдийг даван туулсны эцэст миний бяцхан охин хорвоод мэндэлсэн. Үнэндээ шинэ төрсөн хүүхэд ЦАРАЙ МУУТАЙ улаан амьтан байдаг. Харин хэдхэн хоногийн дараа царай зүс нь цайгаад аав ээжтэйгээ адилхан болж эхэлдэг. Төсөөлөөч! Өөрийн чинь мах цусны тасархай, чамтай ав адилхан "жижигхээн хүн"-ийг анх удаа тэврэх тэр агшин бол чиний амьдралаас авч болох хамгийн том бэлэгээ гардаж авч буй агшин юм. Тэр мөчөөс хойш чи амьдралыг шал өөрөөр хардаг болно.

Зөвхөн өөрийнхөө төлөө амьдардаг ганц бие хүн 180 хэм өөрчлөгдөж, өөрөөсөө гадна гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө амьдардаг болно. Гэртээ яардаг болно. Учир нь чамайг хүлээж байгаа 2 хүн бий. Биеэ хайрладаг болно. Учир нь чи дор хаяж 2 хүний амьдралд хамгаас чухал хүн болсон байдаг. Амьдралыг огт өөрөөр хардаг болно /давтав/. Учир нь амьдрал одоо л эхэлж байна.

Нялх хүүхдийн үнэр- хамгийн анхилуун тансаг үнэр. Ямар сайндаа л биедээ түрхэх бус үнэрлэж таашаал авахад зориулж нялх хүүхдийн үнэр бүхий үнэртэй ус зохиогддоггүй юм байх даа гэж боддог юм. Балчир хүүхдийн инээд-хамгийн тансаг аялгуу. Тэр цагаахан инээд ямар ч уур бухимдал, уйтгар гунигийг хоромхон зуур арилгах шидтэй.

Монголчууд бид 6 тэрбум хүн-далайд дэндүү цөөхүүлээ. Тийм болохоор шинэ залуу гэр бүлүүдэд хандаж хүсэхэд ЯДАЖ 3 ХҮҮХЭД-тэй болоорой. Зарим эмэгтэйчүүд "эр хүний бөгс шүргэхэд" л жирэмсэн болчихдог хэмээн гомдоллодог. Үнэндээ хүсээд хүсээд хүүхэдтэй болдоггүй хосуудын байдал бүр хүнд шүү. Би тэжээж л чадаж байвал олон хүүхэдтэй болохыг хүсдэг нэгэн. Гэхдээ төрүүлэх хүн нь би биш болохоор хэлж мэдэхгүй юм даа. Эцэст нь нэг surprice задлахад энэ долоо хоногт манай гэр бүлд дахин нэг "шинэ хүн" ирнэ. Энэ удаа хүү шүү.

МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ!

2009-12-13 05:41:35

No comments:

Post a Comment