Monday, November 22, 2010

Хэний мөнгийг, хэний төлөө? /үнэ & чанарын сонголт/

Дэвтрээ эргүүлж суутал "Эрх чөлөө ба Аюулгүй байдал" хичээл дээр тэмдэглэж байсан нэг хүснэгт нүдэнд өртлөө. Milton Friedman-ий "Free to choose" номондоо дурдсан энэ хүснэгт нь товчхондоо хэний мөнгийг, хэний төлөө зарцуулж байгаагаас хамаарч үнэ болон чанарын талаарх бидний сонголт хэрхэн өөрчлөгддөгийг их энгийнээр дүрсэлсэн нь миний сонирхлыг их татаж билээ.

I ХҮСНЭГТ. "Өөрийн мөнгийг өөрийнхөө төлөө зарцуулах". Энэ тохиолдолд бид аль болох хямд хирнээ чанартай бараа, үйлчилгээ авахыг эрмэлздэг.

II ХҮСНЭГТ. "Бусдын мөнгийг өөрийнхөө төлөө зарцуулах". Энэ тохиолдолд мөнгийг өөрийн төлөө зарцуулж буй учраас чанар үндсэн хэмжүүр болно. Үүний эсрэгээр үнэ /бусдын халааснаас гарах учраас/ ач холбогдолгүй байдаг. Жишээ нь бусдаар дайлуулах, даалгах явдал энэ тохиолдлын үндсэн шинжийг агуулна.

III ХҮСНЭГТ. "Өөрийн мөнгийг бусдын төлөө зарцуулах". Баян хирнээ хүн чанартай нэгэн буяны үйлд зарцуулж байгаа, эсвэл ойр дотны хүнийхээ төлөө л биш бол өөрийн мөнгийг бусдын төлөө зарцуулахыг хэн ч хүсдэггүй нь энэ цагийн үнэн. Энд 2-р хүснэгтийн эсрэгээр чанар чухал биш болж, үнэ гол хэмжүүр болдог. Жишээ нь төрсөн өдрийн бэлэг үүнд хамаарч болно.

IV ХҮСНЭГТ. "Бусдын мөнгийг бусдын төлөө зарцуулах". Нэгэнт өөрт хүртээлгүй энэ тохиолдолд үнэ, чанарын аль аль нь чухал биш байдаг. Ихэвчлэн улс орны хэмжээнд мөнгийг захиран зарцуулах эрх бүхий институтуудын үйл ажиллагаа энэ хэсэгт хамаардаг. Энэ хэсгийг огт үгүй хийх боломжгүй ч ядаж л байж болох хамгийн бага түвшинд байлгах нь чухал юм. Бусдын /ард түмний/ мөнгийг, бусдын /ард түмний/ төлөө зарцуулахдаа дэндүү үрэлгэн /эсвэл харамч/ хандаж, нүд хуурсан юм хийж дундаас нь хувьдаа ашиг хонжоо хайх явдал энэ Монголд энгийн үзэгдэл шиг болчихсон болохоор жишээ дурдах нь илүүц биз.

2010-05-19 16:25:44

No comments:

Post a Comment