Monday, November 22, 2010

CV хэрхэн бичих вэ


CV гэж юу болох талаар бид чамлахааргүй мэдлэгтэй болсон гэж бодож байна. Аливаа CV-г бичихэд юунд анхаарвал зохих талаар өөрийн туршлага болон интернэтээс олсон зарим эх сурвалжуудыг  орчуулан хуваалцахаар шийдлээ. CV бичих үндсэн зорилго нь:

- Тухайн ажлын байранд тохирсон цор ганц хүн та гэдэгт ажил олгогчийг итгүүлэх

- Өөрийгөө найдвартай, мэргэжлийн өндөр ур чадвартай гэдгээ харуулах

- Бичгийн чадвараа илтгэх

- Ямар ч байсан таныг ярилцлагад дуудах боломжийг бүрдүүлэх зэрэг байдаг.

CV-г ерөнхий ба тусгай гэж 2 ангилж болно.

Ерөнхий: Тухайн хүн CV-гээ бүх л ажлын байр эсвэл ажил олгогчид зориулан нийтлэг байдлаар бэлдсэнийг хэлж болно. Тухайлбал интернэтэд байршуулах, ажлын байрны зар гармагц шууд өгөхөд бэлэн байлгах зорилгоор ерөнхий CV-г бэлтгэдэг. Энэ нь дараах сул талтай.

- Хэт ерөнхий байдаг тул таны талаар дүгнэлт гаргахад түвэгтэй байдал үүсгэдэг.

- Таныг тухайн ажлын байрыг үнэхээр сонирхож буй эсэхийг мэдэх боломжгүй байдаг.

Тусгай: Ажлын байр болгонд зориулсан CV. Энэ төрлийн CV-г ажил зарлагдах бүрт бэлтгэдэг. Тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг шууд тусгах зэрэг олон давуу талын зэрэгцээ бэлтгэхэд цаг хугацаа их зарцуулах, алдаа гаргах магадлал өндөр байдаг.
 
Аливаа CV-г бэлтгэхдээ дараах зүйлсийг анхаарвал зохино. 

1. CV-г яах гэж бичдэг вэ? Тухайн ажлын байранд шалгарч ажиллахын тулд ажил олгогчийг, хүний нөөцийн менежэрийг "ятгах" гэж бичдэг. Тэгэхээр cv-г бэлтгэхдээ "Хэрвээ би ажил олгогч байсан бол энэ өгүүлбэрийг уншаад яах байсан бол?" гэсэн асуултыг байнга өөртөө тавьж, өөрөөр хэлбэл эмпати хийж бичих нь оновчтой.

2. Хөгжингүй орнуудад аливаа байгууллага боловсон хүчин шалгаруулж авах ажлыг энэ чиглэлээр мэргэшсэн байгууллагуудаар хийлгэдэг. Энэ тохиолдолд нэг ажлын байран дээр маш олон cv ирдэг тул нэг cv-г судлахад дунджаар 25 секунд зарцуулагддаг, хэрвээ шаардлагатай гэж үзвэл энэ хугацаа 3 минут хүртэл сунадаг болохыг судлаачид тогтоосон байдаг. Мэдээж манай нөхцөлд энэ хугацаа арай урт биз. Гэвч бидэнд "өөрийгөө рекламдах" хугацаа их богино байдгийг санаж cv-гээ анхнаасаа "хүний нүдэнд өртөхүйц" бэлтгэх нь чухал.

3. Техник шаардлага: "Хүнийг хувцасаар нь угтаж ухаанаар нь үднэ" гэдэг шиг таны бэлтгэсэн cv юун түрүүнд хэлбэрийн хувьд, улмаар агуулгын хувьд ажил олгогчид нөлөөлөх шаардлага бий. Миний бодлоор cv бичих нь word програмд юм бичих, тэр тусмаа pharagraph цэсийг чадварлагаар ашиглах урлаг юм шиг санагддаг. Аливаа албан бичигт тавигддаг шаардлагатай ижил байдлаар cv-д дараах техник шаардлагууд тавигдаж болно.

Дээр, доороос 3см, хоёр хажуугаас 2см зайтай. Үсгийн хэмжээ 10-12, фонт Arial Mon, Times New Roman байх нь тохиромжтой. Гэхдээ надад Calibri маш их таалагддаг. Та туршаад үзээрэй. Товчхондоо таны cv яавал нүдэнд эвтэйхэн, уншихад амар байх вэ гэдэг талаас нь бодож хэлбэржүүлэх нь зүйтэй.

CV-д бичигдэх мэдээлэл бүрийн гарчиг, агуулга зэрэг нь хоорондоо ялгагдаж байх нь түүнийг уншихад хялбар болгодог. Жишээ нь: 

БОЛОВСРОЛ
ЦАГДААГИЙН АКАДЕМИ, ТУРК
Аюулгүй Байдлын Шинжлэх Ухааны Факультет       2004
- эрх зүйч, цагдаагийн ажилтан                         голч дүн: 79.29

Түүнчлэн өөрийн онцлох гэсэн үг, өгүүлбэрийг тодруулах, налуулах гэх мэтээр жирийн текстээс ялгаж өгөх нь уншигчийн нүдэнд өртөхөд хялбар болгодог. CV 2 хуудсаас /А4/ илүүгүй, зайлшгүй шаардлагатай бол 3 хуудсаас хэтрэхгүй байх нь зохимжтой.

4. Энэ хүртэл cv-ны хэлбэрт нь анхаарсан бол одоо агуулгад нь анхаарал хандуулъя.  Ерөнхийдөө cv  дараах бүтэцтэй байдаг. Эдгээрээс хамгийн чухал хэсэг нь боловсрол болон ажлын туршлага байдаг.
  • Хувийн мэдээлэл: Овог нэр, төрсөн огноо, шуудангийн хаяг, утасны дугаар, мэйл хаяг гэх мэт.
  • Боловсрол: Ихэвчлэн бакалавр болон түүнээс дээшхи боловсролын зэрэг авсан сургуулиа энд бичих бөгөөд сургуулийн нэр, төгссөн он, эзэмшсэн мэргэжил-боловсролын зэрэг болон голч дүнг энэ хэсэгт бичнэ.
  • Ажлын туршлага: Он дарааллын дагуу ажиллаж байсан байгууллагын нэрс, ажилласан хугацаа, албан тушаал болон хамгийн чухал болох ажиллах хугацаандаа гаргасан ололт амжилт, шинээр нэвтрүүлсэн санаа, хүрсэн үр дүн зэргийг энэ хэсэгт тусгана.
  • Мэргэжил дээшлүүлсэн байдал: Энэ хэсэгт таны авсан мэргэжлийн болон хэлний сургалт, курс, дамжаа, мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хамрагдсан байдлаа бичиж болно.
  • Хэл ба компьютерын мэдлэг: Ямар хэлийг ямар түвшинд эзэмшсэнээ мөн компьютерын ямар програмууд дээр ямар түвшинд ажиллах чадвартайгаа энд бичнэ.
  • Мэргэжлийн байгууллагын гишүүнчлэл: Үндсэн ажлынхаа хажуугаар өөр олон нийтийн нэгдэл, төрийн бус байгууллагад харъяалагдан ажиллаж байсан эсэх, хийсэн ажил, үр дүнгээ энд хуваалцаж болно.
  • Тодорхойлолт: Ажил олгогч таны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл холбогдож болох 1-2 хүний овог, нэр, хаяг, утас, мэйл гэх мэт мэдээллийг энэ хэсэгт бичиж болно. Гэхдээ энэ хэсэг cv-д заавал байх албагүй.
  • Эдгээрээс гадна хэрвээ та эрдэм шинжилгээ, судалгааны ажилтан бол бичсэн өгүүлэл, нийтлэл, хийсэн судалгаа шинжилгээний ажил зэргийг жагсаалт болгон cv-д хавсаргаж болно.
5. CV-нд бүгдийг бус "хэрэгтэй" мэдээллийг бичих нь баримтлах хамгийн гол зарчим юм. Товчхондоо жолооч авах ажлын байранд өгөх cv-нд та хэдэн ном бичсэнээ, хичнээн хэл мэддэгээ яаж ч уран яруу илтгээд амжилтанд хүрэх магадлал бага юм. Үүний оронд хэдэн оноос жолоо барьж байгаагаа, энэ хугацаанд аливаа осол гаргаж байгаагүйгээ мөн авто засварын талаарх ур чадвараа бичих нь таныг амжилтанд хүргэх боломжтой. Зөв мэдээллийг cv-дээ оруулахын тулд дараах энгийн аргыг хэрэглэж болно. Нэг багананд ажил олгогчийн тавьж буй шалгуур, нөгөө багананд өөрийн ур чадваруудыг жагсааж бичээд 2 багананд давхцаж байгааг cv-дээ оруулж болно.

Жич: Үнэндээ манайд ажлын байранд тавигдах шалгуур их "марзан" л даа. Дээд боловсролтой худалдагч авна гэсэн зард бид бараг дасчихсан. Угтаа харилцааны соёлтой, хүний өөдөөс инээж чаддаг, 4 аргын тоо мэддэг хэн ч худалдагч хийчих байх гэж би боддог. Удахгүй "дээд боловсролтой цэвэрлэгч ажилд авна" гэсэн зар харвал би гайхахгүй ээ.

6. CV-д хэрэглэх үг, өгүүлбэрээ зөв сонгох нь чухал. Хэт нуршуу, биеэ магтсан, хийсэн ажлаа дэвэргэсэн үг хэллэгээс зайлсийх хэдий ч хэт даруу, өөртөө итгэлгүй мэт сэтгэгдлийг төрүүлэхгүй байх нь чухал. Жишээ нь: бахдам амжилт гаргасан, гайхамшигтай үр дүнд хүрсэн, магтахгүй байхын аргагүй хүчин чармайлт гаргасан г.м хэллэг нь таныг инээдтэй байдалд оруулж мэдэх юм. Товчхондоо ил тод, товч тодорхой, элдэв маяггүй өөрийгөө тодорхойлох нь зүйтэй. Мөн худал мэдээллээс эрс татгалзах нь талуудад чухал ач холбогдолтой юм.

Эцэст нь cv-г бичихэд баримталбал зохих 2 зарчмыг давтах байна.

- Бүгдийг бус хэрэгтэйг нь сонгож cv-ндээ тусгах

- Хэрвээ би ажил олгогч байсан бол энэ cv-г уншаад яах байсан бол...? гэж байнга өөрөөсөө асууж cv-гээ бэлтгэх

2010-01-12 00:40:22

10 comments:

  1. Saihan zovlogoo bna

    ReplyDelete
  2. heregtei zowolgoo ogsond bayarlalaa :)

    ReplyDelete
  3. энгийн хирнээ ойлгомжтой зөвлөгөө байна цаг зав болон сэтгэлд нь баярлалаа :)

    ReplyDelete
  4. баярлалаа :)

    ReplyDelete
  5. cv-nii garchgiig yu gej oghuu? shuud cv gej boloh uu?

    ReplyDelete
  6. Үнэхээр их баярлалаа хэрэгтэй мэдээлэл байна

    ReplyDelete