Урьд шөнийн бодол
Шөнө хүү маань уйлбал сэрэх нь дээ. Миний хүү зарим шөнө нээх чанга орилоод л уйлах юм. Маргааш орой марталгүй ширгэлэхээс. Ширгэлнэ гэснээс үнэхээр нялх хүүхдийг ширгэлсний дараа нам унтдаг нь сонин шүү. Бодвол гал гээч мундаг махбодь хүүхдийн орчин дахь муу энергийг үгүй хийдэг эд байх даа...
... Хүүхдүүд маань хөөрхөн том болж л байна даа. Өвөл Монголоос гарахад ч хүү маань муухай ханиад хүрчихсэн хэцүү байсан шүү. Наашаа ирээгүй бол тэр ханиадаа эдгээсэн ч эргэж тусаад л өвөлжингөө заваарах байсан байх даа. Яаж овоо энэ хэдийгээ энд авчирсан юм...
... Өнөөдөр ахиад л хоолоо оройтуулчихлаа. Уг нь орой 6-аас өмнө хоолоо идээд хэвшчихвэл зүгээр юмсан. Энэ зохисгүй хооллолтоос болж бидний Монголчууд ч эрүүл эрхтэнгүй болж, яагаа ч үгүй өвчин хэлцгээдэг нь аргагүй юм даа. Саяхан зурагтаар туралт, зөв хооллолтын талаар аятайхан юм яриад байсан. Амерк энэ тэрд баргийн тураах эмнүүдийг хорьчихсон гэсэн. Зөв шд. Турах хамгийн энгийн арга нь усыг маш ихээр хэрэглэх, хөдлөх юм гэсэн. Ус уугаад л алхаад байх юм бол зовлонгүй турна гэж байналээ...
... Ядаж байхад манайд олигтойхон жимс ногоо ч ургах биш. Урдаас орж ирсэн нуль химийн бордоотой жимс энэ тэр нь хирийн монгол авч идэхээргүй өндөр үнэтэй. Ноднин билүү дээ Зайсангийн тэндэх нэг дэлгүүрт 4 ширхэг алим 20000 гэж байлуу даа. Ямар ч байсан би хараад "шоконд" орж байснаа саналаа...
... Ядаж байхад яр гэгчээр ядарч яваа Монголчуудад маань асуудал ч мундахгүй юм дөө. Захын жишээ: энд өвөл нь тэгтлээ хүйтэрдэггүй болохоор хүмүүс нь өвлийн хувцасанд бидэн шиг мөнгө үрэхгүй юм. Манайхан бол яаж ч зузаалсан хөлдөж үхчих гээд л. Дээр нь тэр хүйтэн өвлийг давж гарах гэж халаалт дулаанд зарцуулдаг мөнгийг бодохоос аймаар. Заа даа тэгээд байгаль дэлхийг бид захирч чадах биш яаяа гэхэв хөөрхий...
... Гэтэл ядуу байх нь биднээс бас их хамаарах юм аа. Захын жишээ: манай энэ хавь, ер нь гадаадад машины гараашинд хүмүүс мөнгө үрдэггүйг нь харахаар үнэхээр атаархах юм аа. Машинаа байрныхаа гадаа хаяад сар, жил болох юм. Манайх шиг шил толийг нь "эзэн нь таниад" аваад явчихгүй юм. Харин манайд бол гаргаахгүй шүү дээ. Би л гэхэд машиныхаа толийг сарын дотор 3 алдсан шүү. Тэгээд л зун нь ил зогсоол, өвөл нь дулаан гараашинд тавина. Бөөн шаталт! Эндэхийн нөхдүүд шиг машинаа гэрийнхээ гадаа хаяад "мартчихдаг" байсан бол хичнээн сайхан. Мөн ч их мөнгө хэмнэх байсан байх даа. Дээр нь тэр муухай зогсоолынх нь талбайд арай хүнд хэрэгтэй нэг юм баригдаад л...
... Өнөө шөнө дахиад л нойр хулжих нь дээ. Нээх олон юм бодолгүйхэн шиг эртхэн унтчих юмсан...
... Баачка /Никитоны/ ойрд шинэ дуу гаргасан юм болов уу. Үнэхээр чадалтай нөхөр шүү. Даанч Амерк явж ирээд нэг л өөр болчихсон. Түүнээс биш ямар мундаг байлаа даа. Гэхдээ би одоо ч түүний дууг сонссоор л байдаг. Эсвэл мөнгөгүй болчихоод юм хийж болдоггүй юм болов уу хэхэ. Нээрээ мөнгөтэй байсан бол Баачка, Гавана /2хүү-гийн/ хоёрыг эргүүлж тайзан дээр нь гаргахсан...
... Зун цаг зун цаг гоёхон доо. Зугаатай цэнгэлтэй сайхан даа... Энэ зун Монгол явсангүй дээ. Сайхан хөдөөгүүр тэнэх ч сайхан шүү. Ноднин аавын нутаг Дарьганга, Шилийн богдоор орсон. Дараа нь ажил хэрэг сайхан бүтсэн. Хадмын маань нэг найз ч бас Шилийн богдод гараад ажил хэрэг нь сайхан бүтсэн гэдэг юм билээ. Үнэн байх өө. Хүн гэдэг байгалийн амьтан болохоор уул, усаа шүтэж амьдрахаас яахав. Гэхдээ овгор болгоныг тахиад байж бас боломгүй... Нэг хэсэг үнэн хавтгайрсан шүү...
... Ойрд Биз. нэг л уйтгартай. Онцлох сэдвүүдийг хараад жаахан урам хугарч л байна. Тэр хуулийн зөвлөгөө энэ тэр хүссэн зарим нэг хүнд чадах ядахаараа зөвлөчих юмсан. Даанч зав зай олигтой гарч өгөхгүй юм... Монголд очвол биз-ийнхний нэг уулзалт энэ тэрд нь очиж нөхдүүдийг "амьдаар нь" харахыг хүсч л байна. Тэр бүжгийн анги энэ тэр гэсэн юм над шиг хүнд их хэрэгтэй санал байсан юмсан. Өдий наслахдаа бүжиж сураагүй би ч авъяасгүй этгээд юм дөө...
... Балконоо хаахгүй бол шөнөдөө сэрүүхэн хонодог болжээ. Аажуухнаар намар болж байна...
... Нээрээ өнөөдөр хожуу ч гэсэн нэг хөөрхөн програм сурсан юм байна. Мp3 форматтай дуунуудыг хүссэнээрээ засч янзалж болдог. Хэдэн дуртай дуунуудынхаа дахилтыг утсандаа ringtone болгох гээд "тасдаад" авчихсан. Давгүй болж байналээ...
--- ### Үргэлжлэл бий ### ---
Жич: Хүссэн хүн нь урьд шөнийхөө бодлыг хуваалцаж болно шүү.
No comments:
Post a Comment