Хэд хоногийн өмнө... Хэдэн найзтайгаа гадуур алхаж явахдаа хэсэг ногоон талбайг тойрч гарах боллоо. Манай хэд ч сурсан зангаараа хүний хөлөөр зүлэг нь юу ч үгүй талхлагдсан жимээр зам товчлох маягтай явахад харин нэг нь залхууралгүй зүлэгийг тойрсон засмалаар явдаг юм байгааз биз дээ. Бид ч түүний хэнхэг, мулгууг гайхаж тэрүүхэн дэндээ амны зугаа хийгээд л өнгөрсөн юм.
Өнөөдөр... Бидний хэдэн нөхөд машинтай гадуур явж байлаа л даа. Орой байсан болохоор бараг машингүй шахуу уулзвар дээр улаан гэрэлд зогстол ард сууж байсан хэд маань -Юугаа хүлээсэн юм. Машин алга байна яв аа! л гэж байна.
Худал үгийг хэд ч гэлээ давтаад хэлэхээр үнэн юм шиг болдог гэнэ билээ. Сохорын газар сохор, доголонгийн газар доголон явах хэрэгтэй ч гэдэг. Бас олон тэнэгийн дунд байх ганц цэцэн нь бусдадаа тэнэг болж харагдах нь бий. Өөрөөр хэлбэл хүрээлж буй нийгэм чинь хулгайчдаар "хахчихсан" байгаа бол хулгай хийгээгүйнхээ төлөө та тэдэнд адлагдах л болно гэсэн санаа. Юу гэх гээд байна вэ гэвэл; бидний сайн, муу, зөв, бурууг үнэлэх үнэлэмж маань аажмаар тэнцвэрээ гээж, "зөвийг хийж байгаа" нь "коммунист" /хэнхэг гэсэн утгаараа/ эсвэл овсгоогүй болж харагддаг, "бурууг хийж байгаа" нь "сэргэлэн бацаан" гэж үнэлэгдэх явдал манай нийгэмд газар аваад ч байгаа юм шиг.
Нилээн дээхнэ үеийн хошин ч гэхэд хэцүү нэг ийм (гошин) яриа байдаг даа. Нэгэн залуу бүсгүйд хандаж -Та их хөөрхөн юм аа гэхэд цаадахь нь -Муухайгаа мэдэж байна гэж хэлээд алгадаад авсан гэдэг. Яг үүн шиг "зөв үг", "зөв үйлдэл"-ийг бидний memory хүлээж авах чадваргүй болж зөв буруугийн үнэлэмж маань error заагаад байнуу даа гэж бодогдох юм.
Удахгүй бид ногоон гэрлээр зам хөндлөн гарч яваа нэгнийгээ шоолдог, урам хайрласан бүгдийг "бялдууч" гэж харддаг, уучлаарай, баярлалаа гэвэл -Энэ юу гэчихэв гэсэн шиг гайхаж хардаг товчхондоо бол "зөв"-ийг "матарлаж", бурууд саймширдаг болчихвий дээ.
(Бараг л) хаашаа ч харсан бухимдал дүүрэн манай нийгмийн амьдралын энэ мөчлөгт заримдаа зурагтаар мэдээ үзээд л стресст орж амиа хорломоор санагдах /хэтрүүлэг/ нь энүүхэнд. Мэдээж эл байдал бидний үнэт зүйл, ухамсарт өөрчлөлт оруулж улмаар үйл хөдлөлд маань илэрдэг биз. Ингэлээ гээд мөн чанараа гээн буруутай нэг хөнжилд шургалж, зөвийг гадаа хонууламгүй санагдана.
/Сая л нэг ийм юм санаанд орлоо./ Нэг төрийн албан хаагчаас асуужээ гэж бодъё л доо.
А. Ас: - Та авилга авдаг уу?
ТАХ: - Үгүй.
/Худлаа шд. Хүн болгон л авч байхад чи л авахгүй байж гэнэ/.
Б. Ас: - Та авилга авдаг уу?
ТАХ: - Авдаг.
/Зөв зөв. Тэртэй тэргүй бүгд авч байгаа юм чинь/ гэж асуугч этгээд бодов.
Жич: Сэдвийн гол нь авилга биш шүү. Бидний дунд буруу мөртлөө аажмаар "зөв" юм шиг хүлээн зөвшөөрөгддөг эсвэл зөв боловч "буруу" юм шиг гадуурхагддаг болчихсон бүгдэд анхаарал хандуулж, эртхэн тэдгээрийг залруулж байх ёстой байранд нь тавихийг чухалчлах явдал байлаа. Хүсвэл жишээгээр баяжуулаарай.
No comments:
Post a Comment