Хүний нийгэм дэх хамгийн үйлтэй мэргэжлийн нэг нь цагдаа гэж би боддог. Жишээ нь эмч хүн сайхан цагаан халаад өмсөөд л, хүмүүсийг өвчин эмгэгээс нь ангижруулаад л. Багш хүн ардын олон хүүхдүүдэд ном заагаад л. Харин цагдаа хүн нийгмийн хамгийн хар бараан хэсэгт хүрч ажилладаг. Тийм ч учраас элдэв муу хэл үгэнд орохдоо тун амархан байдаг.
Цагдааг юунд ингэтлээ үзэн ядна вэ гэж заримдаа хүнээс асуумаар болох юм. Хэрвээ та өнгөрсөн 7 сарын 1-ний үймээнээр ТВ-ээр гарч байсан зарим нэг бичлэгийг үзсэн бол нүд халтирмаар... Улангассан хэдэн залуус өмссөн хувцаснаасаа өөр юу ч үгүй хэдэн цагдаа нарыг хайр найргүй чулуугаар нүдэж байх юм. Бүр замын хажуугийн хашлага аваад газар унасан цагдааг "жадлаж" байгаа харагдана. Энэ ямар их үзэн ядалт вэ?!
Өнөөдөр цагдааг муулж, мууг нь үзэх гэдэг хүмүүсийг би ямар хүмүүс вэ гэдгийг нь гадарлаж л байна. Тэд өөрсдийн буруу үйлдлээс цагдаагийн байгууллагын үүдийг татсан, үүндээ шаралхаж өс санаж явдаг хогийн ургамлууд гэж би боддог.
Тэнд чулуугаар нүдүүлээд, тархи толгойгоо хагалуулаад зогсож байсан цагдаа нар үүргээ л гүйцэтгэж байсан. Тэд аль нэг намын гишүүн биш, тэд сонгуулийн дүнг будлиантуулаагүй, тэд ард түмний мөнгийг идээгүй. Мэдээж бүх цагдаа сүүнд дүрээд гаргаад ирсэн халбага биш л дээ. Гэхдээ л тэд бидний амь бие, эд хөрөнгийг хамгаалах гэж нойргүй ажилладаг.
"Хэрвээ чи гэртээ бүтэн нойртой хонож чадаж байгаа бол хэн нэгэн цагдаа гадаа гудамжинд чинь нойргүй хонож байгаа гэдгийг санаарай" гэж миний нэг багш хэлж байсан юм. Гэмт хэрэг улам харгис хэрцгий болж байгаа өнөө үед гудамжинд цагдааг хараад хялалзаж зэвүүцэхээсээ илүү өөрийнхөө аюулгүй байдлыг хангаж байгааг хараад баярлах хүн олон гэдэгт би итгэдэг. "Гэмт хүн гилбэлзэнэ" гэдэг шиг цагдааг хараад дургүй нь хүрч байгаа хүн гэмтэй л хүн байж таараа.
Тэр 7 сарын 1-ний шөнө гэртээ сууж байсан хүн бүр цаанаа нэг айдас түгшүүртэй байсан гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Хотын чинь гудамжаар яахаас ч буцахгүй болсон хэдэн арван залуус холхиж явсан гээд бод доо. Хэрвээ цагдаа байгаагүй бол яах байсан бол..?!
Цагдаа хүний нийгмийн баталгаа гэж юу ч байдаггүй. Авдаг цалин нь их гэж битгий бодоорой. Хийж байгаа ажлаасаа болоод хувийн амьдрал гэх юмгүй болох нь энүүхэнд. Нэр муутай, хангамж муутай, аминд халтай тэгсэн мөртлөө хэн нэгэн нь заавал хийхээс өөр аргагүй байдаг цагдаагийн ажлыг хийж яваа залуусаа жаахан ч гэсэн ойлгож, хайрлаж бас дэмжиж явахгүй бол хэдэн жилийн дараа Монголд цагдаа болох аавын хүү олдохоо болихвий!
odoo neg ve ee bodwol tsagdaagiin ner hvnd ih osoj bgaa.neg heseg tsagdaa boloh hvn ih howor bolood bsan.getel odoo tsagdaa boloh gesen olon zaluus 2jiliin kursee togschood ajilaa huleegeed suugaa gene shuu.harin ter hodolgoont erguuld 3jiliin omno zvgeer l deed bolowsroltoi huniig ajild avaad bsan bnlee shd.
ReplyDeleteБаярлалаа, би нэлээд олон блогуудаар орж үзсэн. Дандаа бөөн алдаа байдаг юм билээ, "байдагшд, байгааздээ, чадкү" гэх мэтээр сонин сонин бичдэг юм байна лээ. Би одоогоор өөрийн чинь олон бичлэгийг уншиж амжаагүй, цөөн хэдийг нь л уншлаа. Гэхдээ монгол хэлээ яргалалгүй зөв бичдэгт чинь маш их олзуурхаж, баярлаж байна.
ReplyDeleteХоёрдугаарт, дээрх бичлэгт чинь үнэхээр үнэнийг дурджээ. Цагдаа гэдэг үнэхээр хамгийн хүнд цэгт ажилладаг, хэцүү ажил, тэгсэн мөртлөө гар дээр авах цалин дэндүү бага, тэгээд хүмүүс тэдэнд дэндүү шударга бус ханддаг.
За тэгээд дахин баярлалаа, амжилт хүсье.