Monday, November 22, 2010

Бидэнд юу дутагдаж байна вэ?!

Би монгол хүн. Тийм ч учраас бидэнд байдаг аминчхан үзлийн тухай хэдэн үг хэлмээр санагдлаа. Монголчууд бид босгоноос цаадахийг нь хүнийх гэж боддог хоцрогдсон бодолтой ард түмэн. Бид орцондоо хог, шүлсээ хамаагүй хаяж чаддаг мөртлөө гэртээ орохдоо түүн дээгүүр гишгэлж, тэр агаараар амьсгалж байна гэдгээ ухаардаггүй гайхалтай хүмүүс. 

"Намайг хатгаагүй могой мянга насалсан ч яахав" гэж үг байдаг. Яг биднийг оноод хэлчихсэн байгаа биз. Монголчууд бид гэрийнх нь хаалганы үүдэнд нэг нь нэгнийгээ алж байхад юу ч болоогүй юм шиг сууж чадах улс.

Хойно (Орост) сурч байсан нэг хүний яриа байдаг. Оюутны дотуур байранд оросууд нэг төлөг (вьетнам)-ийг зодож байхад бүх төлөг түүнийгээ өмөөрч зогсдог гэнэ. Харин нэг монголыг зодож байвал бусад нь өрөөндөө ороод хаалгаа түгжээд суудаг гэх. Биднээс бусад бүх л үндэстэн нэг нэгнээ түшиж, гадныхнаас өмгөөлж хайцаалдагийг их бага хэмжээгээр гадагш нь явж байсан хүмүүс мэдэж л байгаа. Харин бид хүний нутагт бусдадаа гай болохоос нэмэр болж чаддаггүй улс. Яагаад вэ?

Угаасаа нүүдэлчин соёл иргэншилтэй монголчууд хэн нэгнээс хараат бус бие дааж амьдарч ирсэн нь тэднийг хамтач бус амиа бодсон болгосон гэж зарим судлаачид үзсэн байдаг. Тэгвэл газар тариалан эрхэлдэг байсан ард түмэн илүү нийтэч, нэг нэгнээ гэх сэтгэлтэй байдаг гэнэ. Учир нь тэдний амжилт, уналт нь дундын тариалангийн талбайтай нь шууд холбоотой байдаг. Тэгэхээр бидний амиа бодсон зан бидний буруу биш ч юм шиг.

Автобусанд хүний халаас ухаж байгаа хулгайчийг хараад зоригтой хэлэх хүн хэд байгаа бол?! Аливаа гэмт хэргийн гэрч болчихоод хэрэгтэй мэдээллийг холбогдох байгууллагад хүргэдэг хүн хэд байдаг бол?! -Аа түвэг! Адгийн зарга арав хоног гэж хэлээд хараагүй юм шиг өнгөрдөг хүн олон болов уу?! Нийтийн өмчид хохирол учруулж байгаа хүнд бид хамтаараа нөлөөлж, үйлдлийг нь зогсоож чаддаг билүү?! Нийтийн эзэмшлийн юм бас миний ч юм гэдгийг бид яагаад ойлгохгүй байнаа?!

1990 оноос хойш бид эрх чөлөөг мэдэрч, эзэн Чингис хаанаа дээдлэн шүтэж ирсэн. Түүний нэрээр нэрлэсэн архинаас эхлээд зочид буудал, хөшөө дурсгал гээд маш олон зүйл бүтээсэн. Бас бишгүй л рекламдаж цээжээ дэлдлээ. "Сайн хүний нэрийг 3 хувааж иднэ" гэдэг шиг. Харин одоо бодит амьдралд бууж ирмээр байна. Хэдэн зуун жилийн өмнөх их хаан, баатарлаг түүхээрээ бид хэдий хүртэл "занималдах" вэ. Өнөөдөр дэлхий Монгол орныг "говийн ганц айл"-аар төсөөлсөн хэвээрээ байгаа шүү. Тийм болохоор өнгөрсөн түүхээрээ бахархаж суухын зэрэгцээ урагшаа харж амьдармаар санагдана.

Бидэнд юу дутагдаж байна вэ? Бидэнд үл ялиг үндсэрхэг үзэл дутагдаж байна. Бидэнд иргэний зориг, ухамсар дутагдаж байна. Бидэнд монгол хүн гэсэн нэрийн хуудсан дор нэгдэх хүсэл зориг дутагдаж байна. Энэ бол нэг л жишээ.

Өнөөдөр хөршийг чинь хатгасан могой маргааш танийг ч бас хатгаж мэднэ шүү!

2009-03-29 02:44:29

No comments:

Post a Comment