Monday, November 22, 2010

7 сарын 1

Есдүгээр сарын нэгэн
Есдүгээр сарын нэгэн
Есдүгээр сарын нэгэн
Ер бусын өдөр
Хуанлийн хуудасны
Хамгийн анхны өдөр
Яагаад гэвэл
Ямар ч болов
Хөдөө хотын
Хөөрхөн багачууд
Энэ өглөө
Эртлэн босоод
Дэвтэр номоо
Дэлгэн аваад
Боов талхаа
Боож аваад
Анхны хичээлд
Амжин орох гэж
Цүнхээ бариад
Сургуулиа зорьдог.

Нэг ийм шүлгийг бага ангид байхдаа цээжилж байсан санагдана. Харин 7 сарын 1-ний үйл явдлаас хойш энэ шүлэг миний санаанд ингэж орж ирээд байдаг боллоо.

Долдугаар сарын нэгэн
Долдугаар сарын нэгэн
Долдугаар сарын нэгэн
Дордохын нэг өдөр
Түүхийн хуудсан дахь
Нэг хар өдөр
Яагаад гэвэл
Ямар ч болов
Хөдөө хотын
Хөөрсөн залуус
Энэ өглөө
Эртлэн босоод
Архи, вискигээ
Ахиухан хүртээд
Чулуу модоо
Агсаж аваад
Анхны тулаанд
Амжин орох гэж
Эвсэн нэгдээд
Талбайг зорьсон өдөр.

Юу гэх гээд байна вэ гэвэл надад шүлэг зохиох авъяас даанч алгаа. Мэдээж бодит байдал яг ийм байгаагүй байх л даа. Би энд 7 сарын 1-нээс өмнө болон хойш болсон үйл явдлуудыг үл харгалзан зөвхөн тухайн өдөр болж өнгөрснийг л эргэцүүлэх болно.

Ардчилсан нийгэмд жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх, үг хэлэх эрх чөлөө нь ард түмний хамгийн хүчтэй зэвсэг байдаг. Энэ эрхийг бид 1992 оны Үндсэн хуулиндаа бататгаж өгсөн ч энэхүү эрхээ "жинхэнэ утгаар" нь эдэлдэг болсноос хойш тун бага хугацаа өнгөрчээ. 2004 оны сонгуулиас хойш манай улсад жагсаал цуглаан хийх явдал эрс өссөн нь ардчилсан нийгэмд байх зүй ёсны үзэгдэл юм. Гэхдээ төр засгийн удирдлагаасаа эхлээд, цагдаа хуулийн байгууллагууд, жагсагчид бүгд энэ талаар туршлага багатай байсан. 7 сарын 1-ний үйл явдал ч дээрх байдлын нэг гэрч болсон.

Жагсаал цуглааны тухай хуулийг харлаа. Хүн бүр эрх бүхий этгээдэд жагсаал цуглаан хийх өдөр, цаг, газраа мэдэгдсэнээр жагсаж цуглаж болох юм байна. Тийм ч учраас МАХН-ын гадаа цугласан олон "эхэндээ" хуулиар олгогдсон эрхээ эдэлж байжээ. Дараа нь яасан? Цонх хагарсан. Хамгийн эхний цонх хагарсан мөчөөс эхлээд тэрхүү жагсаал өөрийн хууль зүйн тулгуураа алдаж, хууль бус үйл ажиллагаа болжээ гэж ойлгож болно. Энэ үеээс эхлэн цагдаагийн байгууллага хуульд заасан тусгай хэрэгслийг шат дараалан хэрэгжүүлж жагсаал цуглааныг тараах үүрэгтэй. Гэвч энэ үүрэг хэрэгжээгүй. Үүнийг би цагдаагийн байгууллагын муугаас биш хариуцлагаас зайлсхийсэн улс төрийн эрх мэдэлтнүүдийн шийдвэргүй үлбэгэр байдлаас үүдэлтэй гэж боддог.

Нөгөө талаас жагсаал, цуглааныг зохион байгуулагчдад зарим үүрэг байнаа. Юун түрүүнд зохион байгуулсан жагсаал цуглааны үеэр аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах, шаардлагатай бол цагдаагийн байгууллагаас тусламж хүсэх үүрэгтэй. Гэвч 7 сарын 1-нд яг үүний эсрэг дүр зураг харагдах шиг. Юун аюулгүй байдлыг хангах! Харин ч хүмүүсийг турхирч, тэр бүү хэл шуудайтай чулуу, шилтэй бензин зэргээс үзвэл эмх замбараагүй байдал үүсгэхээр урьдаас бэлдсэн харагдана.

Үдэш болоход замдаа таарсан машиныг шатааж, жолоочийг зодож, байшин барилагд нэвтэрч өнгөтэй өөдтэйг нь дээрэмдэх яахаас ч буцахгүй болсон хэдэн арван залуус хотын гудамжаар айдас түгээн тэнэж явсан. Тэднийг хаанаас нь ч харсан ардчиллын үнэт зүйлийн төлөө тэмцэж яваа жагсагчид гэж хэлэхэд хэцүү байсан. Ийм юманд дасаагүй монголчуудын хувьд тэр шөнө үнэхээр "онц байдал" байсан. Тиймээс ч онц байдал зарлагдсан. Цагдаагийн байгууллага ч хууль зөрчигчдийн үйл ажиллагааг таслан зогсоосон. 7 сарын 1-ний үйл явдлын зорилго нь зөв байсан ч түүнд хүрэх арга нь буруу байсан гэж би боддог.

Бид ардчилсан хувьсгалыг хийхдээ хэний ч хамраас цус гаргаагүй гэж бахархан ярих дуртай. Харин энэ өдөр олон хүнээс цус гарсан. 5 хүний амь сүйдсэн. Үүний "гол" буруутныг олж тогтоон хариуцлага хүлээлгэх нь ардчилсан эрх зүйт төрийн ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг. 

Харин одоо хүлээх л үлдлээ...

2009-03-29 04:18:36

No comments:

Post a Comment