Захын хүнсний дэлгүүрлүү ороход л "Хэрэглэгчийн найдвартай түнш" гэсэн бичигтэй цэнхэр даавуу өлгөөтэй байдаг болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Анх ч энэ даавууг харсан хэрэглэгч -Гайгүй үйлчилгээ авах нь дээ гэж боддог байсан цаг ул болж одоо энэ цэнхэр даавуу яг л дэлгүүрийн ажиллах цагийн хуваарь шиг нүдэнд төдийлөн өртөхөө байжээ. Цэнхэр даавууны араас шил шилээ дараад олон гоё гоё бичигтэй даавуу гарсан л даа.
Хэрвээ иймэрхүү даавуу, өргөмжлөл, цом, таваг, сүржин номинаци, цол гуншингаар хэмжигддэг бол ч манай үйлчилгээний салбар дэлхийд өрсөлдөхүйц болох байсан биз. Харамсалтай нь тэд хүнд үйлчилдэг гэдгээ дандаа мартчихдаг эсвэл бүр огт мэддэггүй байх.
- Төрийн байгууллагаас үйлчилгээ авахдаа муухай ааштай түшмэлийн ая эвийг олох гэж бид тонголздог. Цаадахь нь бидэнд үйлчилснийхээ төлөө цалинждаг хүн атал яг л аав нь хүүхдүүддээ хишиг тараах гэж байгаа юм шиг аашлана. Хүнд хэрэгтэй 2 зөвлөгөө өгөхийн оронд яг л амнаас нь алт уначих гэж байгаа юм шиг зан гаргадаг. Учир нь тэдэнд хүнд туслая гэсэн сэтгэл огт байдаггүй.
- Захын хоолны газар ороод төлсөн мөнгөндөө хүрэх үйлчилгээг авах нь битгий хэл, идвэл ид, байвал бай гэсэн хүчирхийлэлд өртдөг. Хоолны чинь давс ихэдсэн байна гээд хэлчихвэл хүрч ирээд цохиод авч мэднэ шүү. Учир нь тэдэнд хүнд хоолыг нь хор болголгүй идүүлээд гаргая гэсэн бодол огт байдаггүй.
- Дэлгүүрт ороод 3 дуудуулж байж худалдагч чамайг анзаарна. Цаадахь чинь нүүрээ будаад эсвэл утсаар чалчаад тун завгүй байгаа. Тэгээд бас авахгүй хэвтэж байж яасан олон юм асуудаг юм гэж хэлбэл гайхах хэрэггүй ээ. Учир нь тэдэнд юмаа зарах ямар ч сонирхол байхгүй.
Дээрх жишээг баяжуулж болох ч сэдэвт маань энэ хэд хангалттай. Гадны орнуудад үйлчилгээний салбарт ажиллагсад нэг ч гэсэн үйлчлүүлэгчээ алдахгүйн төлөө тэмцэж байдаг. Харин манайд эсрэгээрээ. Үйлчилгээний салбарт ажиллагсад нь их гэдгэр, харц дээгүүр. Энэ надаар үйлчлүүлэхгүй хаачихав, ганц үйлчлүүлэгчээр дутах биш, хэн чамайг гуйгаав гэх шиг л аашилдаг. Харин үйлчлүүлэгч өөрт нь хаан шиг үйлчилсэн газарлуу л тэмүүлдэг.
Тэгээд яах вэ?
Надад нэг их олон санаа алгаа. Гэхдээ ядаж үйлчилгээний салбарын удирдлагууд нь энэ асуудалд анхаарлаа хандуулаасай. Хүнтэй тулж ажилладаг хүмүүсээсээ бас үүнийг шаардаасай. Бас төлсөн мөнгөнд чинь хүрэхээр үйлчилгээ үзүүлээгүй газарлуу дахиж битгий очоорой гэж уриалмаар байна. Хүн болгон ингээд хэвшчихвэл цаадуул нь хаана алдсанаа олж харах байлгүй дээ.
Тэгээд яах вэ?
No comments:
Post a Comment