Авто осол, авто хэргийн ялгааг олонхи хүмүүс мэдэхгүй байх аа. Би лав тэгэж боддог юм. Авто осол гэдэг нь 2 машин шүргэлцэх мөргөлдөх ч юм уу эд материалын хохирол бүхий ослыг хэлээд, харин ослын улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол авто хэрэг гээд байх шиг байгаа юм.
Улаанбаатарын замд жолоо мушгидаг хүн болгон ядаж нэг удаа "шүргэлцсэн" байдаг гэхэд эсэргүүцэх хүн гарахгүй биз. Нээх сайхан нартай өдөр сэтгэл санаа өөдрөг гэрээсээ гараад хаашаа ч юм яарч явтал нэг "салгалсан" юм хажуунаас ирээд "наагаад" авдаг юм байгаа биз дээ. За тэгээд л бөөн хэрүүл болно доо. Тэднийг харсан хүмүүс замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх тэдний мэдлэгийг "гайхаж шагштал" хэрэлдэнэ дээ. Үнэндээ хэрэлдээд асуудлаа шийдэж чаддаг бол нэг хэрэг. Гэтэл бүр барилцаад авах нь дэндүү олон. Түүнээс цаашихыг нь дурсаад ч хэрэггүй биз.
Энэ бүгдийн хажуугаар өнгөрч яваа та -Чухам ямар осол болсон юм бол? гэж сонирхон ойрхоноос хараад урам чинь хугарах болно. Учир нь тэнд бараг "долоовол" арилчихмаар ганц хоёр зурааснаас өөр юу ч байхгүй.
Хэн хожив?
Буруутай жолооч: Хэрвээ "зохицож" чадалгүй цагдаа сэргийлэх болсон бол жолооны үнэмлэх яваад өгсөн гэсэн үг. Илүү чухал зүйлд /магадгүй сүүлчийн мөнгө нь байсан ч юм билүү/ зарах байсан хэдэн цаасаа тавиад туучихна. Хайран цагаа алдана, сэтгэл санаагаар унана. Магадгүй биеэрээ хохирно.
Буруугүй жолооч: Мөрөөрөө ... унжуулаад явж байсан тэр эд хөрөнгө/гэхдээ ганц хоёр зураасыг тооцохгүй шүү/-рөө хохирно. Хайран цагаа алдаж, бие сэтгэлээрээ хохирч болно.
Замын цагдаа: Үйл явдлын нэг тал нь мэдээж замын цагдаа. Магадгүй илүү том "осол"-ыг зохицуулах байсан цагдаа маань их зантай, буулт хийх, буруугаа хүлээх дургүй 2 этгээдтэй алтан цагаа үрэх болно.
Бид: Нэг нь нэгнээсээ яаж ийж байгаад хэдэн цаас салгачих гэсэн нөгөөх нь өгөхгүй гэсэн 2 нөхрийн хэрүүлээс болж замын бөглөөнд орж, уураа барж үсээ цайлгана.
Иймэрхүү ослоос хожилтой гарах ганцхан тал байж болох юм. Вьетнам засварын газар хэхэ. Таныг "долоовол" арилчихмаар зураастай машинаа аваад очиход өөдөөс чинь амандаа орсон үнээ хэлнэ. Аягүй бол нөгөө буруутай жолоочоос авсан мөнгө чинь дутаж ч мэднэ. Шал хөгийн юм.
Бид яагаад хэн ч хождоггүй ийм хөгийн явдлын тал болдог юм бэ?! Тэгээд бүр "долоовол" арилчихмаар зураасны төлөө шүү! Машины гадаад үзэмжинд "эрээ цээргүй" халдаагүй л бол, эд анги, эрэг шурагийг нь дутаачихаагүй /машин хөдөлж л байгаа/ л бол "инээгээд", -Дараа илүү болгоомжтой яваарай гэж хэлээд сална гэж би боддог. Энэ бодлыг маань эндэхийн жолооч нарын үйлдэл дэмждэг юм. Бид ямар зуу зуун саяын үнэтэй машин унадаг биш, Холливудын од ч биш ингэж ядарсан нэгнээ ядрааж, хэн ч хождоггүй тоглоомны тал болж яах юм бэ.
Хэн ч /машин зарж, авч, унаж байгаа хэн бүхэн/ ганц хоёр зураасанд ач холбогдол өгөхөө больчихвол /энд лав тийм/ энэ асуудал шийдэгдчих юм шиг.
Илүү найрсаг, нөхөрсөг, стрессгүй амьдралын төлөө.
No comments:
Post a Comment