Monday, November 22, 2010

Нийтлэлд сэтгэгдэл бичих уриалга



Бидний амьдралд интернэтийн эзлэх орон зай өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж байгаатай маргах хүн үгүй биз. Зүгээр л өөрийн чинь компюьтерийн ард суух цаг хэрхэн уртасч байгааг анзаарахад хангалттай. Үүнтэй зэрэгцээд бид ч бас хөгжиж байх учиртай. Бид маш олон сайт, блогоос янз бүрийн мэдээллийг авдаг, заримд нь "сэтгэгдлээ" үлдээдэг. Тэгвэл тэнд бидний бичсэн сэтгэгдлүүд үнэхээр урам хугалмаар байдаг. Тиймээс аливаа нийтлэлд сэтгэгдэл бичихдээ дараахь зүйлсийг анхаардаг байя гэж өөрийн зүгээс уриалмаар байнаа.

1. Хямд аргаар бизнесээ рекламдах хэсэг увайгүй нөхдийн "сэтгэгдэл" сүүлийн үед арай дэндсэн. Бусдад ачаагаа үүрүүлчээд өөрөө ёолоод явах шиг өөдгүй энэ зангаа больё оо.

2. Их ажил хэрэгч бус "сэтгэгдлүүд" бас багагүй хувийг эзэлнэ. Дунд сургуулийн охидын амнаас ч гарахааргүй хэрэггүй чалчаа "сэтгэгдэл"-ээ больцгооё.

3. Хамгийн сонирхолтой нь хүний бичсэн сэтгэгдэлд хандаж сэтгэгдэл бичих явдал. Анхааралтай уншвал хэдэн сэтгэгдлийн дараа тэдгээрийн агуулга нь үндсэн нийтлэлийн агуулгаасаа бүр тасарчихсан, ямар ч утгагүй хэрүүл болоод хувирчихсан байдаг. Гэтэл нийтлэл бичсэн хүн бүр бичлэг нь бусдад хэрхэн хүрч байгааг сэтгэгдлээр нь дамжуулж харахыг хүсдэг ш дээ. Тиймээс багахан ч гэсэн түүний хөдөлмөрийг үнэлье.

4. Бас нэг асуудал шүүмжилж бичсэн нийтлэлд хандсан шүүмж. Нэг нь нэг юмыг шүүмжлэхээр нөгөөх нь "Чи хоосон шүүмжлэхээ болиод гарах гарцыг нь хэлээч" гэх юм. Шүүмж нийтлэл бичиж байгаа бүхэн хажууд нь гарах гарцыг нь бас бодож бичнэ гэвэл завхарсан юм болно биз дээ. Байг, гарцыг нь бодох /хийх/ ёстой хүмүүс нь бодог л дээ. Бурууд нүд хурц байж, болохгүй байгааг ил болгосных нь төлөө тэр хүнд урам хайрлаад л өнгөрье л дөө. Үнэхээр санал нийлэмгүй юм байвал түүнийгээ эелдэг боловсон илэрхийлж байя.

5. Сэтгэгдэл гэдэг тухайн сайт /блог/-ыг, бичлэгийг, нийтлэгчийг болон уншигчийг үнэлэх гол хэмжүүр байдаг. Ийм "хүчтэй" зэвсгийг зүгээр л нийтлэлчийн үг үсгийн алдааг нь засахад биш илүү үр дүнтэй, ажил хэрэгчээр ашиглацгаая.

6. Гадны сайтуудад уншигчдын бичсэн сэтгэгдэл ямархуу "чанарлаг" байдгийг мэддэг нь мэдэх л байх. Бас энд сайт /блог/ эрхлэгчдийн санаачлага чухал байдаг. Жишээ нь уншигчдийн бичсэн сэтгэгдэлд бусад уншигчдын зүгээс үнэлгээ өгөх боломжууд байдаг. Хэрвээ бичсэн сэтгэгдэл нь байнга "хангалтгүй" үнэлгээ авч байвал тухайн хэрэглэгчийн эрх хаагддаг. Мөн гишүүнчлэлтэй сайтуудад хэрвээ зүй бус үг хэллэг хэрэглэсэн сэтгэгдэл бичвэл тухайн хэрэглэгчийн эрхийг цуцлах хүртэл албадлага байдаг. Үүнийг тухайн сайтдаа суулгаж өгвөл их зүгээр санагдана.

7. Миний анзаарснаар аливаа бичлэгт хөндөж буй асуудал амьдрал дээр 100% нийтлэгчийн бичсэнтэй дүйцдэггүй. Тийм боломж ч байхгүй. Гэхдээ л 80% нь "үнэний ортой" байдаг байх гэж би боддог. Өөрөөр хэлбэл ерөнхийд, нийтлэгт хандаж бичдэг гэсэн санаа шүү дээ. Гэтэл уншигч бид нөгөө үлдсэн 20%-ийг нь өөдөөс нь сөргүүлээд л хэрэлдээд байдаг юм шиг санагдсан. Энэ нь сайн уу муу юу мэдэхгүй ээ.

8. Сэтгэгдэл бичихдээ нэр /nickname/-ээ үлдээхийг хэвшил болгоцгооё. Тэгэж чадвал тодорхой хугацааны дараа хэний сэтгэгдлийг олж уншихаа хүмүүс сонгодог /сонгох боломжтой/ болно.

9. Бид бусдаас үг сонсох их дургүй. Хүний бичсэн шүүмж сэтгэгдэлд үнэхээр авах, тусгах юм байвал нэрэлхэлгүй авах л хэрэгтэй. Түүнээс биш өөрөө "доош нь ороод" л бичлэгнийхээ доор хэрэлдээд байх нь зохисгүй. Ухаантай хэрэглэж чадвал бид аливаа бичлэг, сэтгэгдлээс өөртөө их юм нааж чадна шүү.

/хөндөж буй асуудалтай холбогдуулан өөрийн саналаа хуваалцаарай/

За амжилт найзууд аа!

2009-11-21 03:16:32

No comments:

Post a Comment