Thursday, November 25, 2010

Тооллогын үеэр "тоологдоогүй" иргэнийг гадаадруу зорчуулахгүй гэнэ үү?!

Сая ньюс.мн дээрээс мэдээ харж байтал нэг ийм гарчиг / http://www.news.mn/content/37222.shtml / нүдэнд өртлөө.
-------------------------------
"ТООЛЛОГОД ХАМРАГДАЖ БАЙЖ ГАДААДАД ЗОРЧООРОЙ"

Монгол Улсын хэмжээнд арваннэгд
үгээр сарын 11-нээс 17-ны өдрүүдэд хүн ам, орон сууцны тооллого явагдана. Гадаадад суугаа монголчуудын цахим бүртгэл хэдийнэ эхлээд байгаа. Улс даяар нэг зэрэг эхлэх хүн ам, орон сууцны тооллого, бүртгэл явагдах хугацаанд гадаадад зорчих иргэд тооллогод хамрагдсан үнэмлэхтэй байхыг шаардаж буй ажээ. Арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 24.00 цагаас 17-ны өдрийн 24.00 цагийн хооронд гадны улс оронд зорчих Монгол Улсын иргэд хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогод хамрагдсан үнэмлэхтэйгээр улсын хилээр нэвтрэх юм байна.
--------------------------------
гэжээ. Эндээс тооллогын үеэр "тоологдоогүй хүн"-ийг гадагш гаргахгүй нь гэсэн гаргалгаа хийж болохоор байна. Хүнээ тоолох гэсэн төрийн маань санаачлага сайн л хэрэг. Тооллогод нийт иргэдээ хамруулах гэсэндээ авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг нь ч магтууштай. Анхлан -Зөв ш дээ гэж бодож суусан би, -Ингэж болдог юм болов уу гэж эргэлзэв.


- Яадгийм иргэд өөрсдийнхөө төлөө л тооллогод орох юм чинь дээрх мэдээнд дурдсан арга хэмжээ зөв ш дээ. Ингэлээ гээд хэнээс юу хорогдчих гээд байгаа юм. Цаадуул нь тоолуулчихаад л гадагш явна биз гэж хэлэх хүн олон биз. Би ч бас үүнтэй санал нэг байна. Гагцхүү зарчмын хувьд үүнд шүүмжлэлтэй хандмаар байнаа.

Монгол улсын Үндсэн хуулийн 16.зүйл 18.хэсэгт: Монгол улсын иргэн "...гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно" гэжээ.

Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 64.зүйлд тус хуульд заасан зарим үндэслэлээр "Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс байнга буюу түр оршин суугаа газраасаа хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн зөвшөөрөлгүйгээр гадагш явахгүй ба дуудсан цагт ирэх тухай баталгааг бичгээр гаргуулж авна" гэсэн байдаг.

Өөрөөр хэлбэл таны гадаадад зорчих эрхийг Үндсэн хуульд заасан дээрх үндэслэлээр, ингэхдээ зөвхөн хуулиар хязгаарлаж болох нь. Тэгэхээр нөгөө үнээ тоолох" зорилго маань хуульд заасан зорилготой хир нийцэж байна вэ? Мөн таны гадаадад зорчих эрхийг ингэж хязгаарлахдаа "хууль" гаргаа болов уу? Эсвэл хэн нэг "дарга" үзэмжээрээ шийдчихэв үү?

Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлуулж, хуулиа дээдэлж амьдрахаа Үндсэн хуулиараа тунхаглачихсан Монголын ард түмэн, эрх, эрх чөлөөг нь хязгаарласан аливаа бүхэнд сонор соргог байж, түүнийхээ төлөө тэмцдэг байвал зохилтой. Эс бөгөөс өнөөдөр таныг тоолохын тулд гадагш явах эрхийг чинь хязгаарлаж байгаа төр маргааш өөр ямар ч шалтаг тоочоод энэ эрхийг чинь танаас дээрэмдчихэж мэдэх нь байна шүү!

2010.11.01

1 comment:

  1. Тиймээ тантай санал нэг байна. Үүнийг сонсоод би маш их бухимдсан. Манайд нэг ийм зүй бус хандлага хаа сайгүй давамгайлаад байна л даа. Хэрвээ ингэвэл тэгнэ, тэгэхгүй бол ингэхгүй гэх мэт аливаа зүйлийг барьцаалан хийлгэх хандлага гэх юм уудаа. Заримдаа ч гайхшаа барах үе бишгүй бий шүү.

    ReplyDelete