Saturday, November 27, 2010

Урьд шөнийн бодол /3/

...Хүн эрүүлдээ ч согтуудаа ч нэг л зангаараа байх хэрэгтэй гэж би боддог. Эрүүлдээ даруу, ноомой хүн хэдэн хундаганы дараа эр бар нэгэн болох шиг, үг нь олшроод, дуу нь чангараад, уусан юм нь "доошоо"  нь орчихдог хүмүүс ч байдаг. Хэрвээ хэдхэн "грамм" тухайн хүний зан аашийг өөрчилж байвал би тэр нөхрийг характер нь төлөвшөөгүй хүн л гэж бодно. Тийм хүмүүст итгэл өгөхөд хялбар биш байдаг...

...Хараагүй иргэдийг илүү сайн ойлгохын тулд хэсэг нөхөд хав харанхуй өрөөнд оройн зоог барьжээ /барих гэж хичээсэн ч юм уу/.  Тэгэхээр нь би ч бас хирэндээ хамаг юмаа битүүлж гэрлээ унтрааж байгаад оройн хоолоо идэж үзлээ. Орчноо өөрийн гараар бүрдүүлсэн миний хувьд энэ нь санаснаас хэцүү байсан. Гэтэл орцны үүднээс гараад л бидний орчин биднээс үл хамааран өдөр бүр өөрчлөгдөж байдаг. Нэг өдөр ажилдаа явах замд чинь нүх ухчихсан байдаг шиг л. Гудамжинд нүдээ аниад арав ч алхаж чадалгүй нээмээр санагддагаа бодолцвол хараагүй иргэд маань яадгийг бодох л учир...

...Аливааг ерөнхийлөх, нийтэд хамаатуулах нь их буруу бөгөөд эргээд юманд цензуртай /хэт өрөөсгөл/ хандахад хүргэдэг. Тэд бүгдээрээ тийм гээд хэлчих шиг амархан зүйл үгүй. Гэтэл үнэн хэрэгтээ "тэд бүгд тийм" биш байдаг. Үнэн гэгч хоёр туйлын аль нэгэнд байхаасаа илүүтэй тэдний хооронд хаа нэгтээ байх нь элбэг. Хүн бүр алдаа гаргадаг. Магадгүй хүнийг машинаас ялгах хамгийн том ялгааны нэг энэ биз. Ажил хийж байгаа хүн алдаа гаргадаг. Бас аль ч байгууллагад "муудсан алим" байж л байдаг. Ингэлээ гээд нэгний нь алдааг нийтэд нь нялзааж ярьж бичих нь учир дутагдалтай. Ийм хандлагын золиос нь ихэвчлэн ижил хувцасаар "гоёсон", голдуу хүнтэй харьцдаг ажил мэргэжлийнхэн байх нь олонтой...

2 comments:

  1. Yamar engiin bogood gunzgii yum boddog yum be, unen l yum bichsen baina. Taalagdlaa.

    ReplyDelete
  2. Tiim shuu Bas neg aldsan aldaagaar ni huniig nasan turshid ni dugneh hetsuu ter hun ter aldaagaa zasaj zalaruulah gej hicheej bhad oo chi tegdeg l bsan tegeh l blgui geed dugneed bbal .... geh metchilen bodoh yum zondoo l bh yum doo... he he ergeed irne ee sonirholtoi blog bna

    ReplyDelete