Хоносон хоол амттай ч хүний биед сайнгүй гэсэн шүү. Хоносон хоолонд хүний биед хортой янз бүрийн бактери үржиж бий болдог байна. Гэхдээ би энэ удаа хоносон хоолны тухай биш оройн хоолныхоо үлдэгдлийг маргааш өглөө нь халааж иднэ гэсэн бодолтой орондоо ордог бидний "өөдрөг үзэл"-ийн тухай бодлоо хуваалцах болно.
Нэг гадаад, - Маргааш өглөө амьд байна гэдгээ яаж мэдэж байгаа юм? гэж асууж биднийг гайхшруулж байсан цаг саяхан. Хэрвээ Газын зурваст эсвэл Иракт амьдарч байсан бол орой нь унтахдаа маргааш өглөөг үзэх эсэхдээ жаахан ч гэсэн эргэлзэх л байсан. Хаа очиж Монгол улс маань харьцангуй тайван юм.
Өнөөдөр бидний амьдрал бухимдлаар дүүрэн. Гэрээс гараад замын хөдөлгөөнд ороод л стресстэж өгнө. Тийм ч болохоор амтай болгон ямар нэгэн юмыг шүүмжилж л байдаг. Үнэхээр амьдрал барзгар байгаа юм чинь яах билээ.
Гэхдээ л амьдралд гэрэл гэгээтэй юм маш их байдаг. Талдаа хүртэл устай аяга төсөөлцгөөе. Бид дандаа аяганы хоосон байгаа талыг харж харааж загнахаас биш устай талыг нь огт харахаа /харж чадахаа/ больчихсон юм шиг заримдаа бодогддог. Захын хүнээс амьдрал ямар байна гэж асуухад авах хариулт нь үүнийг гэрчилнэ. Хийгдэж буй тайз, дэлгэцийн бүтээлүүд ч тэр. Дандаа амьдралын хар барааныг харуулна. Хүссэн хүсээгүй өдөр бүр бидэнтэй тулгарч байдаг нийгмийн хар барааныг кинотеатрын дэлгэцнээс харахад ямар байдгийг л үзэх гээгүй юм бол тэр уран бүтээлүүдийг үзэх хүн хир олон бол. Яг ингэж бодож явахад минь "Зөрлөг" гээд кино гарсан юм байна. Энэ киног үзчихээд олон хүн САЙХАН ТӨГСГӨЛТЭЙ КИНО-нд цангаснаа мэдэрсэн байх.
Товчхондоо энэ кино биднээс аажмаар холдон одож буй "аяганы устай талыг харах чадвар"-ыг минь сэргээж өгсөн гэж би боддог. Өнөөдөр амьдрал хатуу ширүүн, хайр найргүй байлаа ч өөдрөг үзлээ гээчихгүй юмсан.
Ханын цаг хэдийгээр зогссон ч гэлээ өдөртөө
дор хаяж 2 удаа зөв цагийг заадаг.
No comments:
Post a Comment