Хэд хоногийн өмнө Энэтхэгээс ирсэн дотны найзын маань ярьсан зүйл надад энэ сэдвийг нээх сэдлийг төрүүлсэн юм.
Тэнд шашны бололтой нэг баяраар найман настайгаасаа наян настан хүртлээ хүн бүр динамит тэсэлж дэлбэлдэг гэнэ. Багачууд нь бага хэмжээтэйг, томчууд нь том динамит тэслэдэг юм байх. Тэгээд л улс даяараа дайн гарав уу гэлтэй хэдэн шөнө пижигнэж "баярладаг" гэнэ. Зарим динамитанд байшингийн шил цонх доргиж хагарах ч энүүхэнд. Орой нь ТВ-ээр хаана, хэн, хэрхэн динамитандаа эд эрхтнээ гэмтээсэн талаарх мэдээ олон цагаар гардаг гэнэ.
Исламын шашинтай орнуудад Курбан буюу Золиосны баяр гэгчийг тэмдэглэнэ. Манай улсын казак иргэд ч энэ баярыг өргөн тэмдэглэдэг байх. Шашны энэ баярыг маш энгийнээр тайлбарлавал, Исламын шашинтнууд Аллах бурхандаа хонь, үхэр зэрэг амьтнаар өргөл өргөж, нядласан малынхаа мах зэргийг буяны ажилд зориулдаг байна. Өөрөөр хэлбэл энэ баяраар олон тооны мал төхөөрөх хэрэг гардаг гэсэн үг. Харин Туркийн ТВ-ээр (бусад Исламын шашинтай орнуудад ч ялгаагүй байх) хэдэн өдрийн турш хутга мэсэндээ шархадсан, үхэр маландаа мөргүүлсэн, эсвэл золиосны малаа алдаж гудамжаар нэг "муур, хулгана" бололцсон хүмүүсийн талаарх мэдээ тасардаггүйсэн.
Манайд наадам гэж сайхан баяр бий. Олон балчир хүүхдүүд омголон мориноос унаж, амь насаа алдах нь ч бий, нэг насаараа эрэмдэг болж үлдэх нь ч бий. Бас наранд цохиулж даралт нь ихэссэн, идсэн хуушуурандаа хордоод үхэх шахсан хүмүүс ч энэ баярын нэг өнгө.
Манайд Цагаан сар гэж сайхан баяр бий. Архи дарс, хоол зуушиндаа хордох ч яахав. Чадал муутай нэгнийх нь санхүүгийн байдлыг хэсэгтээ сэхэхгүй болтол нь унагах нь л энэ баярын хамгийн аймаар нь.
Удахгүй шинэ жил болохнээ. Гадуур том том сүлд мод сүндэрлэж, гацуур модны үнэ тэнгэрт хадсан нь үүнийг бас гэрчлэх шиг. Манайхан ч шинэ жилийг уг баярыг тэмдэглэдэг "үндсэн" ард түмнүүдээс илүү нүсэр далайцтай тэмдэглэдэг болсоор уджээ. Удахгүй согтуу явж байгаад осгож үхсэн, тансаг зоогондоо хордсон хүмүүсийн талаарх мэдээ ч хөвөрч өгөх байх даа.
Эргээд өөрийн 3 баяраа уншсан чинь дандаа л уусан идсэндээ хордож үхэх шахдаг байх юм. Өлөн зэлмүүн ард түмэн маань "Цаг цагаар нэг цадна. Цагаан сараар нэг цадна" гэгчийн үлгэрээр энэ хэдэн баяраараа хирээ мэдэхгүй иддэг юм болов уу ч гэж бодогдох шиг.
"Мэргэжил бүхэн сайхан" гэдэг шиг баяр бүхэн сайхан. Харин баяраа гуниг болгочихолгүй баярлах нь та бидний л хэрэг. Ууж идсэндээ эзэн болж, үг хэл, үйл хөдлөлдөө ухаалаг байж гэмээнэ... /зааззз... залхуу хүрчлээ/.
No comments:
Post a Comment