Сүүлийн үеийн судалгаанууд дэлхийд хамгийн их уншдаг Европчуудын ном уншихад зарцуулдаг дундаж хугацаа буурч байгааг тогтоожээ. Үүний гол шалтгааныг мэдээллийг асар хурдтайгаар авдаг болсон интернэтийн энэ цаг үетэй холбон тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл хүмүүс хэдэн цаг, өдрөөр ном уншихаас хэдхэн минут интернэтээр хэсүүчлэн хүссэн мэдээллээ олж авахыг илүүд үзэх болжээ. Хүссэн ч хүсээгүй ч энэ үйл явц улам эрчээ аван үргэлжлэх нь ойлгомжтой. Мэдээж интернэт номыг орлоно гэвэл “хол хэвтэнэ”. Гэвч шинэ үеийнхний мэдлэг, мэдээллийг олж авдаг талбар нь номын сангаас интернэт каферуу шилжиж байгааг зүгээр хараад сууж боломгүй.
Бид тэднээс “хоцорч” яваа учраас өнөөдөртөө интернэт мэдээллийн хүч, боломжийг жинхэнэ утгаар нь олж хараагүй л явна. Гэтэл цаадуул чинь үүнийг хэдий нь ажиглаад, чадварлагаар ашигладаг болчихжээ.
Social media гэгчийг өөрийнхөөрөө тодорхойлох гэж оролдвол интернэтэд суурилсан мэдээллийн хэрэгсэл гэх юм уу даа (та нар илүү сайн тодорхойлох байлгүй дээ). Бидний сайн мэдэх facebook тэргүүтэй олон нийтийн сайтууд, twitter тэргүүтэй бусдад мэдээллийг шуурхай түгээх сайтууд, блогууд, форумууд, толь бичгүүд нь social media-гийн тэргүүлэх хэлбэрүүд болжээ.
Хүн бүр хувьдаа сэтгүүлч, сурвалжлагч, нийтлэгч байж, цахим орчинд бусдад хүссэнээ хүргэх боломжийг интернэт олгодог. Social media-гийн хүчийг илэрхийлэх ганцхан жишээ: цөөнгүй “дагалдагч”-тай твиттерийн хэрэглэгчийн бичсэн зүйл яг тэр цаг мөчид мянга мянган /заримдаа хэдэн зуун мянга, саяд ч хүрэх/ хүнд хүрэх боломжтой. Энэ хамрах хүрээ нь зарим сонингуудын борлогддог хувиас ч илүү байх нь бий. Сэтгэл хөдлөм биш байна гэж үү?!
Тэгэхээр уламжлалт мэдээллийн хэрэгслийн орыг аажмаар эзэлж, өдөр өдрөөр хүрээгээ тэлж байгаа social media-д өөрийн орон зайг амжиж үүсгэх нь чухал юм. Таны фэйсбүүк, твиттерийн хаяг, блог чинь үүний эхлэл байх болно. Өөрийн блогтой болно гэдэг нь хувьдаа тв суваг, сонин сэтгүүлтэй боллоо л гэсэн үг. Харин түүнийг зөв менежмэнтээр хөгжүүлж, хүрээгээ тэлэх нь танаас л хамаарна. Блогтой холбоотой нэг зөвлөгөө хэлэхэд, минийх шиг юм юм хольж бичсэн блог амжилтад хүрэх магадлал бага. Харин тодорхой нэг сэдвийг барьж аваад түүгээрээ дагнан бичлэг хийх нь илүү оновчтой байдаг. Жишээ нь хоол, шүлэг, кино, зураг, загвар, улс төр… гэх мэтээр блогоо төрөлжүүлж болно. Өөрөөр хэлбэл ази хоол хийх гэсэн хүмүүс таны блогруу л ордог, аятайхан шүлэг унших гэхээрээ түүний блогруу ордог байх ухааны юм.
Хүн төрөлхтөн хаашаа явж байна бид ч бас тийшээ л явж таарна. Тэгэхээр хил хязгааргүй интернэт, түүнд суурилсан social media бидний амьдралд нөлөөгөө тэлэх нь ойлгомжтой. Харин бидэнд энэ эргүүлэгт хөл нийлүүлж, интернэтийн боломжийг, түүнд суурилсан мэдээллийг ухаалгаар ашиглахад суралцах л үлдлээ.
No comments:
Post a Comment