Wednesday, January 4, 2012

Бид ямар харагдаж байна?

Дээхнэ Цэнддоогийн "Номд мөргөмүү" нэртэй нийтлэлийг уншиж байсан минь санаанд орлоо. Номд мөргөх буюу эрдэм номыг дээдэлж шүтэхтэй холбоотой энэ ойлголтыг манайхан шууд утгаар нь ойлгоод, номоо хадганд ороогоод л духандаа нэг хүргээд хоймортоо залчихдаг байдлыг ёгтолж бичсэн байдаг. Харин өнгөрсөн зун хөдөө гадаа явахдаа иймэрхүү жишээ олон байж болохыг анзаарлаа.

Уул овоо давах болгондоо орой дээр нь бусдын жишгээр чигнаалдаж явсан надад "Өгсөн авсандаа өлзийтэй" гэдэг шиг хийх юмаа хийчихсэн л юм шиг санагдаж билээ. Хуучин цагт овооны бэлээс чулуу тээж ирээд оройд нь өргөж "Овооны эх таньдаа олзны эх маньдаа" гэдэг байсан уламжлал машины чигнаалд байраа тавьж өгчээ. Нийгэм нь хөгжихөөр дагаад уламжлал, зан заншил нь ч хөгждөг бололтой.

Дараагийнх нь хүрд. Хүн бүр түвд хэл сурч маань унших ёстой гэж байгаа юм биш шүү. Зүгээр л маанийн үсэгтэй хүрдийг эргүүлээд буян хурааж байна гэж бодохоор эгдүүтэй санагдаад. Машиныхаа дугуйн дээр маанийн үсэг шивчихээд явж байвал буян хураах болов уу. Хаазлах тусам хурдан эргэлдээд л... За за дэмийрч эхэллээ.

No comments:

Post a Comment