Намайг дуудаж сэрээсэн
Гэгээн өглөө сайн байна уу
Нарны гэрэлд наара на
Наара рара сайн байна уу /үг нь санаанд эс оров/.
Би, их хотын захын дүүрэгт амьдардаг мянга мянган иргэдийн адил, өдөр бүр амьдралынхаа нэгээхэн хэсгийг автобусанд өнгөрүүлдэг хүн билээ. Хүний амьдралын олон өнгө эрээлсэн автобуснаас бараг роман бичихээр материал гарч болох ч надад тйим санаа байсангүй ээ. Өөрийн ажиглалтаа хэдэн мөрөөр илэрхийлэх гэж эхлүүлсэн энэ бичлэг маань ийм урт болчихно гэж бодсонгүй. Тиймээс танд уйтгартай санагдсан даруйд уншихаа зогсоож, үнэт цагаа хэмнээрэй гэж зөвлөе.
… Би эцсийн буудлаас суудаг болохоор ихэнхдээ суудалтай “аялдаг” юм. Мэдээж суухаасаа өмнө бэлтгэлээ базаах хэрэгтэй. Түрийвч, энэ тэрээ дотор хармаандаа хийж, цүнхээ урдаа үүрэх нь наад захын бэлтгэл хангаж буй хэрэг. Заримдаа автобуснаас буусан хойноо, анх тэмтэрсэн халаасандаа түрийвчээ олохгүй бол сандарч зүрх амаар гарчих шахна. Тэгээд нөгөө хармаанаасаа түрийвчээ олоод, баярлаж бантахдаа өөрийгөө шоолж инээх нь бий. Танд ч бас иймэрхүү зүйл тохиолддог л байлгүй…
… Хойхнуур цонхны хажууд тухалж аваад, цантсан цонхон дээрх “урлагийн бүтээлүүд”-ийг жаахан судлав. “Тэнэг”, “247”, “Баагий” энэ тэр бол хамгийн түгээмэл бүтээлүүд. Би ч бас дурсгалаа үлдээж, долоовор хурууныхаа урыг гарган байж гарын үсгээ зурлаа. Тэгээд “цонхон дээрх цонх”-оор (цантсан цонхон дээрх жижиг нүхнүүдийг би ингэж нэрлэв) өглөөний Улаанбаатарыг харсаар явав…
… Дараагийн буудлаас нэг бүсгүй орж ирээд хажууд минь суулаа. Уг нь нас залуу ч хар бор ажилд гар нь “хөгширчихсөн” түүний үснээс шампунь үнэртэж байна. Өглөө надаас түрүүлж боссон нь илэрхий энэ эмэгтэй, галаа түлж гэрээ дулаацуулаад, ажил, сургуульдаа явахдаа үсээ угааж амжсан байна гэх бодол толгойд орох зуур түүгээр бахархах ч шиг болов…
… Хэдэн буудлын дараа урд сууж байсан хоёр өвгөний ярианд жаахан чих тавибал, өнөөгийн Монголчуудын “мөнхийн сэдэв” болсон улс төрийн тухай ам уралдан ярьж байна. Барагийн улс төрийн хэлэлцүүлэг нэвтрүүлгээс дутахааргүй өрнөх тэдний ярианд оролцож, санал нийлэмгүй зарим зүйлийн тухай хэлмээр байснаа нуух юу байхав…
- Дараагийн буудалд буух хүн байна уу?
- Бууна гэж ардаас сулхан дуугарахаар нь эргэж харвал, хаанаас нь ч харсан хотод ирээд удаагүй шинэхэн оюутан бололтой жижигхэн охин байна.
- Буух хүн алгаа. Кондуктор дуулаагүй бололтой. Нөгөө охинлуу харвал, дахиад бууна гэж хэлэхээсээ ичиж дүлэгнэсэн амьтан аврал эрэх шиг надруу харж байна. Тэгэхээр нь би, -Бууна гэнээ гэж орилов. Автобуснаас хурдхан буух гэж яарах түүний тухай би, -Жил ч бололгүй “хотын охин” болно доо гэсэншүү юм бодлоо…
… Хажуу хавирганыхаа хүмүүсийг “сонжоод” уйдах маягтай болж байтал, дараагийн буудлаас нэг хүүхэн орж ирлээ. Сүрчигнийх нь үнэр энд хүртэл үнэртэх нь гоё! Гоё ч хүүхэн байна. Үзэх харах юмтай болсон надад, автобус маань агшин зуур онгоцны бизнес класс шиг л санагдаад явчихлаа. “Огцом тоормосонд тэнцвэрээ алдсан тэр хүүхэн надаас тэврээд авах эгшинд бид хоёр харц туллаа. – Хөөш! Аятайхан яваач ээ гэж хойноос орилж байна. – Хэд сайн тоормослоод өг! гэж би нэмэрлэв. Хацар нь бага зэрэг улайсан тэр инээж байна. Автобусанд инээж байгаа хүн харалгүй уджээ”. Тэрхэн зуур ганцаараа малилзаж байгаагаа ухаарч, хүн анзаараагүй байгаа даа хэмээн бантав. Автобусанд хаа нэг сайхан хүүхэн суух нь чимэгтэй…
… Түрүүний хүүхний сүрчигийн үнэр сарниж амжаагүй байтал Хархорины буудал дээрээс нэг нөхөр орж ирлээ. Хэн орж ирснийг нь та тааварлаж байгаа байлгүй дээ. Мань хүний амьсгалаар архины үнэр автобусаар нэг тархаж, эрүүл байсан хэд нь бараг согтов. Автобусныхаа мөнгийг ч үлдээлгүй архи ууна гэдэг аймаар ч юм шиг, гайхмаар ч юм шиг, бахархмаар ч юм шиг /за тэр нь ч арай юу юм бэ зүгээр/…
… Тэртэй тэргүй өдрийн ажилдаа ядарч, суудалгүй дээрээ түгжрэлээс болж хэдэн цаг аялах нь багадсан юм шиг, DJ /жолооч/-гийн сонгосон FM-ийг чихээ дөжиртөл сонсохдоо өөрийгөө эрүү шүүлтэнд тамлуулж байгаа юм шиг бодогдох үе гардаг л юм…
… Суудлаа алдахгүй гэсэндээ худлаа унтаж, эсвэл цонхоор тас ширтэх залуус, цөмсөн самрынхаа ясыг автобусаар нэг хаяхдаа өчүүхэн ч эргэлзсэн шинжгүй хүмүүс, Есүс ч юм уу нэг юм сурталчлаад ганцаараа яриад явдаг эгч, хуванцар саваар дүүрэн шуудайтай хүмүүс, халаасны хулгайч, хүний ая эвийг олох гэж ядсаар эцэстээ бууж өгсөн кондуктор энэ бүгд автобусны нэгээхэн хэсэг…
… Автобус гэдэг нийгэмших хамгийн сонгодог орчны нэг гэж би боддог. Учир нь энд нас, хүйс, ажил, мэргэжил, хөрөнгө чинээ, үзэл бодол ондоо хүмүүсийг тохиолдлын журмаар “хашиж” орхидог болоод тэр. Нийгмийн даралт, улс орны хөгжлийн түвшин, хүмүүсийн ухамсар гээд олон зүйлийг эндээс хэмжиж болно. Автобусанд суулгүй “олон жил” болсноо гайхдаг хүүхнүүд олширсон өнөө цагт, энэ бичлэгийг тэд уншвал айх байлгүй дээ…
Үүрийн шувуудын жиргээ шинэхэн
Үүлээ хөөсөн тэнгэр шинэхэн
Үлээх салхины амьсгаа шинэхэн
Өглөө болгон дандаа шинэ.
hehe yag zow shuu oyutan tsag sanagdchlaa orbitiin awtobusand chihuuleed toirog hurtel untaj yawdag uy sanagdchlaa. olon olon odriin dursamj sanagdchlaa baina hehe saihan bichleg baina,
ReplyDelete