Сүүлийн хэдэн өдөр интернэт болон хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр “Зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүдийг иргэний эсрэг бэхжүүлж байна. Цэрэг иргэдрүүгээ буу шагайдаг болохнээ. Зэвсэгт хүчин иргэнээ биш төрийг хамгаалдаг болж байгаа юм байна” гэх мэт агуулгатай мэдээ, нийтлэлүүд зөндөө гарлаа. Үнэхээр ийм үйл явц өрнөж байгаа бол сэтгэл эмзэглүүштэй. Юутай ч аюулгүй байдлын чиглэлээр сурч, судалгаа хийж явдаг хүний хувьд энэ талаар хэдэн зүйл хэлье гэж бодлоо.
Аюулгүй байдлын хэрэгцээ гэдэг нь хүн төрөлхтний анхдагч, нэн эртний хэрэгцээ юм. Анх байгаль, зэрлэг ан амьтны зүгээс ирэх аюул заналаас өөрийгөө хамгаалах шинжтэй байсан энэ хэрэгцээ нь ихэнхи тохиолдолд, төрөл нэгт хүмүүсийн халдлагаас өөрийгөө хамгаалах шинжтэй болж өөрчлөгджээ. Хүний нийгэм хөгжиж, аж үйлдвэржилтийг дагасан төвлөрөл бий болсноор аюулгүй байдлын шинэ шинэ хэрэгцээнүүд бие болжээ. Эртний нийгэмд зөвхөн амь насаа хамгаалах зорилготой байсан энэ хэрэгцээ аажмаар өргөжиж, эд хөрөнгө, үзэл бодол, шашин шүтлэг гэх мэт олон үнэт зүйлсийг хамрах болов.
Түүхчид эртний хүмүүсийн нэг дор цуглаж, хамтдаа амьдрах болсны үндсэн шалтгааныг аюулгүй байдлын хэрэгцээтэй нь холбон тайлбарладаг. Өөрөөр хэлбэл ганцаараа байснаас олуулаа байх нь илүү аюулгүй байдгаас үүдэлтэй гэдэг. Улмаар хөдөлмөрийн хуваарь хөгжиж, аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй хүмүүс бий болсон нь орчин үеийн цэрэг, цагдаагийн байгууллагын анхдагчид юм.
Аюулгүй байдлын цөмд хэн оршиж байгаагаас нь хамаарч, түүнийг “төр төвтэй”, “хүн төвтэй” гэж 2 ангилж болно. Төр төвтэй аюулгүй байдлын тухай ойлголт нь, хүнийг, төрийн оршин тогтнох нэг хэрэгсэл гэж харах бөгөөд төрийн аюулгүй байдлыг иргэний аюулгүй байдлаас дээгүүрт тавьдаг байна. Тэгвэл хүн төвтэй аюулгүй байдал гэдэг нь, төрийг, иргэнд үйлчилдэг механизм гэж харах бөгөөд иргэний аюулгүй байдлыг хангаснаар төрийн аюулгүй байдал хангагдана гэж үздэг байна. Анх төр үүссэн учир шалтгаан, эрх зүйт, ардчилсан нийгмийн үндсэн зарчим зэргийг анхаарч үзвэл, “иргэн төвтэй аюулгүй байдал”-ийн тухай ойлголт нь илүү хүлээн зөвшөөрөгдөхүйц юм.
Аж үйлдвэрийн хувьсгалын дараагаар аюулгүй байдлын салбарт “хөдөлмөрийн хуваарь”, “мэргэших” хандлага бий болж, улмаар “гадаад аюулгүй байдал”, “дотоод аюулгүй байдал” гэж 2 хуваагдах болжээ. Аюулгүй байдлын салбарын “гадаад аюулгүй байдал” буюу “хамгаалалт”/defence/ хэмээн нэрлэгдэж буй хэсэгт үүрэг гүйцэтгэдэг байгууллагууд “зэвсэгт хүчин” (armed forces) хэмээгддэг бол “дотоод аюулгүй байдал”-ын салбарт үүрэг гүйцэтгэдэг байгууллагууд “аюулгүй байдлын үйлчилгээ” (police services-law enforcement agencies) гэгддэг байна.
Өнгөц харахад адилхан дүрэмт хувцас өмсдөг, зэвсэг агсдаг зэргээрээ адилхан юм шиг харагдаж болох ч дээрх хоёр мэргэжлийн хүмүүсийн сургалтын агуулга, хэрэглэж буй зэвсгийн хэмжээ, хүчин чадал нь огт өөр юм.Дайн хийх, дайсан, устгах зэрэг нь зэвсэгт хүчинтэй холбоотой ойлголт байдаг. Өөрөөр хэлбэл зэвсэгт хүчний эсрэг талд дайсан байж, түүнийг устгахын тулд дайн хийдэг бол цагдаагийн байгууллага нь хууль сахиулах үүргээ гүйцэтгэх (үйлчилгээ үзүүлэх)-дээ дайсантай бус иргэнтэй харилцаж, зорилго нь түүнийг устгах бус аюулгүй болгох байдаг. Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх талбар нь цэргийн (military) шинжтэй байдаг бол цагдаагийн байгууллагын үүрэг гүйцэтгэж буй (хариуцдаг) талбар нь иргэний (civil) шинжтэй байдаг.Оршихуйн мөн чанар, мэргэшил, алба хаагчдын бэлтгэл, үүргийн шинжээрээ хоорондоо эрс ялгаатай дээрх хоёр байгууллага, нэг нь нөгөөгийнхөө үүргийг гүйцэтгэх нь эрх зүйт, ардчилсан нийгмийн шаардлагад нийцэхгүйн дээр олон сөрөг үр дагавартай юм.
Эргээд ойрын үед олон нийтэд цацагдаж байгаа мэдээндээ оръё. Зэвсэгт хүчний анги байгууллагуудыг бэхжүүлж байгаагаа 7 сарын 1-ний үйл явдалтай холбон тайлбарлаж байгаа бол энэ нь туйлын хариуцлагагүй тайлбар юм. Учир нь 7 сарын 1-ний үйл явдал бол эхнээсээ дуустал дотоод аюулгүй байдлын асуудал байсан. Тиймээс ч түүнийг таслан зогсоох үүрэгтэй бас “хууль ёсны байгууллага” нь цагдаагийн байгууллага юм. Цаашдаа ч энэ мэт үйл явдал гарвал зарчмын хувьд цагдаагийн байгууллага л үүрэг гүйцэтгэх учиртай. Гагцхүү зайлшгүй нөхцөл байдал үүссэн үед л зэвсэгт хүчний анги байгууллагаас дэмжлэг авч болох юм. Хууль тогтоомж ч гэсэн ийм агуулгатай байгаа.
Улс орныг гадны аюул заналаас хамгаалах үндсэн үүрэгтэй зэвсэгт хүчнийг дотоод аюулгүй байдлын салбарт дайчлах нь эргээд зэвсэгт хүчний нэр хүнд, бэлэн байдалд сөргөөр нөлөөлдөг болохыг гадаадын туршлага бидэнд харуулж байна.Эцэст нь болзошгүй дотоод аюулгүй байдлын асуудлаас урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоохын тулд зэвсэгт хүчнээ зузаатгана гэхээсээ өмнө энэ салбарт тэргүүлэх үүрэг гүйцэтгэх учиртай цагдаагийн байгууллагаа шаардлагатай хүн хүч, техник хэрэгслээр хангах нь илүү оновчтой алхам байх болов уу. Жич: Дээрх бичлэг нь дан ганц бичигчийн үзэл бодол бөгөөд аль нэг байгууллагын байр суурийг үл илтгэнэ.
Энэ бичлэгийг бичихэд хүргэсэн зарим нэг мэдээ, нийтлэлийн линк:
http://politics.news.mn/content/97861.shtml
http://politics.news.mn/content/97847.shtml
http://politics.news.mn/content/97796.shtml
http://politics.news.mn/content/97787.shtml
http://politics.news.mn/content/97713.shtml
http://politics.news.mn/content/97540.shtml
http://politics.news.mn/content/97552.shtml
No comments:
Post a Comment