... хэдэн жилийн өмнөх наадмаар Хүй долоон худагт хурдан морь үзэхээр очсон юм. Ямар насны уралдаан байсныг нь санахгүй нь. Түрүүнд явсан морь нь барианаас холгүй хадуураад, эргэж замдаа ороод түрүүлэхийг хараад өөрийн эрхгүй хамар шархираад, нүд бүрэлзээд ирж билээ. Гадныхан хэзээ ч мэдэрч, ойлгож чадахгүй тийм сайхан мэдрэмж. Тэгэхэд би монгол хүн гэдгээ мэдэрсэн...
Шилийн Богдын оргилд гараад хийморь минь сэргэсэн. Тэндээсээ уруудаад уудам нутгийнхаа дундуур тоос манарган давхихад эрх чөлөө мэдрэгдсэн. Хүний нутагт явахдаа би эх нутгийн сайхныг мэдэрсэн. Харийнхан ирээд хамаг өнгөтэйг маань тонон дээрэмдэж байгааг сонсох бүрт уур хилэн нэмэгдсэн. - Тэвчээрт хязгаар бий гэж тэрүүхэндээ шивнэсэн.
Гоё гоонжтой, сүржин месттэй, хар залуугаараа алдар нэр хөөж яваа залуусыг хараад би хүний өмнөөс ичсэн. Хийсэн юмтай, хэлэх үгтэй их мөртлөө даруу хүнтэй учраад би "болоогүй" байна даа гэж өөрөөсөө ичсэн.
Утасны цаанаас хүүтэй болсноо сонсоод баярын нулимс унагахдаа би үртэй хүний жаргалыг дахин мэдэрсэн. Үг хэлд ороогүй нялх амьтан өвдөөд шөнөжин уйлахад нь үртэй хүний зовлонг ойлгосон. Урт удаан хугацаагаар уулзаагүй андыгаа хараад би цохиод авмаар санагдсан. Уулзаад ярьж суухад багын дурсамжууд сэргэсэн.
No comments:
Post a Comment