Monday, December 6, 2010

Интернэт дэх Монгол хэлний эмгэнэл

... Би өдөр болгон news.mn-ээр орж, эх орныхоо талаар мэдээлэл авах гэж хичээдэг нэгэн. Манайдаа л мэдээллийн гайгүй сайт гэж боддог ч мэдээний редакторуудынх нь монгол хэл намайг "галзууруулах" шахдаг. Байнга ордог сайтад маань ч энэ байдал давтагддаг.

Тэгээд бодлоо...

Монгол залуус маань гадаадад боловсрол эзэмших нь эрс өссөн, доод тал нь нэг цаашилбал хоёр, гурван гадаад хэлтэй байх нь энгийн үзэгдэл болсоор удаж байна. Бизнэтвөркийн захын гишүүний профайлруу орохоор 2, 3 хэлийг "маш сайн" мэддэг байх жишээтэй. Харамсалтай нь бичсэн бичлэг, сэтгэгдлийг нь харахаар, -Гадны хэлийг "маш сайн" сурч байх зуураа монгол хэлээ мартчихаа юу даа гэж бодогдохоор байдаг.

Үүнд янз бүрийн хүчин зүйл нөлөөлдөг байх л даа.
  1. Хүний нутагт олон жил болчихсон хүмүүс эх хэлээсээ хөндийрдөг нь үнэн ч энэ нь тэднийг "зөвтгөх" шалтаг болох учиргүй гэж би боддог.
  2. Олонхи залуус маань бичгийн болон ярианы хэлний ялгааг ойлгохоо больсон бололтой. Үүнд интернэтийн нөлөө их л дээ. Амнаас яаж гарснаар, эсвэл чихэнд яаж сонсогдсоноор нь аливааг бичээд байвал нэг л өдөр зөв бичгийн дүрмээ мартчихсан байхвий.
  3. Интернэт. Өдрөөс өдөрт хүмүүс компьютерийн ширээний ард интернэтэд цагаа өнгөрүүлэх нь өсөж байна. Голдуу гадны хэл дээрх сайтад цагаа нөхцөөж, аливаа текстийг латин цагаан толгойг ашиглаж бичдэг дадал маань "интернэт дэх монгол хэл" гээч цоо шинэ "эрэмдэг" хэл, хэлтэнгүүдийн армийг төрүүлж байна.
  4. Боловсролын системийн гажуудал. Энэ тухай зөндөө л ярьж бичигдсэн болохоор энд нуршаад яахав. Олон хүүхэд, залуус маань үүний золиос болсон байдаг. Өөр олон хүчин зүйл байгаа гэдэгт итгэж байна.
Мэдээж интернэтэд "хүн бүр зөв бичих ёстой" гэж дүвчигнэж байгаа юм биш шүү. Хүн бүр хажуудаа Монгол хэлний дүрмийн ном тавьчихаад бич гэсэнгүй. Нэг ийм асуудал байна шүү л гэж.

Нөгөө талаас аливаа бичгийн ажилд техник шаардлага зайлшгүй тавигддаг. Агуулга нь хичнээн сүрхий байгаад ч хэлбэр нь маруухан / жишээ нь нуль алдаа/ байх нь тухайн бичлэгийн чансааг унагаж, бичигчийн талаар, -Иш чааваас даа гэж бодогдуулах нь бий.

Иймд зөв бичгийн дүрмийн талаар "асуудалтай" залуустаа хэлэх ганц зөвлөгөө байна.

УНШИХ ХЭРЭГТЭЙ!

Мөн интернэтэд аливааг бичихдээ кирилл үсгээ сонгодог байгаач ээ гэж уриалмаар байна. Нэг нөхөр /нэрийг нь санасангүй уучлаарай/ "Төрөлх хэлээ мартахад хэдэн арван зуун жил хэрэгтэй. Түүнээс өөр хэл сурахад хоёрхон жил хангалттай" гэж хэлсэн байдаг. Иймд залуус маань "-Энийг чинь Монголоор юу гэдэг билээ?" гэж асуухаасаа ичдэг байгаасай!

Монгол хэлээрээ зөв сайхан ярьж, бичдэг байх нь Монгол хүн байхын нэг бахархал бас үүрэг биш гэж үү?!

3 comments:

  1. нэг талаас чиний хэлж байгаа зөв ч, нөгөө талаас бол тэр хүмүүсийг буруутгах аргагүй

    ReplyDelete