Би айлын бага хүү. Дээрээ 4 ах нэг эгчтэй. Намайг мэдээ ороход л том ах минь тахир дутуу бие муутай нэгэн байсан. Айл гэрийн багана болж явах учиртай ах минь насаараа гэртээ суусан. Тиймдээ ч 40 гарсан хойноо ч зан ааш нь яг л 10 хэдхэн настай хүүхдийнх шиг гэнэн, цайлган үлдэж билээ. Бие муутай ч ухаан сэргэлэн, хажууд ханьтай ахыгаа бид өнөөдөр алдлаа.
Хүн хажуудаа байгаа ховор нандин хүнээ анзааралгүй явсаар алдсан хойноо ухаардаг гэдэг нь үнэн бололтой. Ах маань бидний амьдралд дэндүү том зай эзэлдэг байсныг сүүлийн нэг сарын дотор ухаарч ойлголоо. Ахтай минь холбоотой дурсамж бүхэн сайхан, цагаахан. Орой үдэш гэртээ харихад минь унталгүй хүлээгээд хаалга тайлж өгдөг байсан ахыгаа "удаж хаалга тайллаа" хэмээн зэмлэхдээ ийм эрт биднийг орхиод одно гэж яахин төсөөлөх билээ. Одоо ээжийнхээ гэрийг зориод очиход хүнтэй байх болов уу. Хэн надад хаалга тайлж өгөх вэ.
Ахыгаа мөн ч их санах нь дээ. Ядаж байхад амьдралынх нь сүүлийн мөчүүдэд хажууд нь байж, үүрч дүүрч явж чадаагүйдээ харамсах юм. Хувь тавилан ахад минь хатуурхаж бусдын нэгэн адил амьдралыг бэлэглээгүй ч хойт насандаа хүн шиг сайхан амьдраасай гэж би хүсэж байна. Сарын л өмнө инээсээр намайг үдсэн ахыгаа сүүлийн удаа харж байгаа нь тэр гэдгээ даанч мэдсэнгүй. Ах минь та хаашаа ингэтлээ яарна вэ...