Tuesday, April 17, 2012

уЛСтӨржИв!

Гутал минь чамаас болж
Гурван удаа загнууллаа шүү
Гудманд явахдаа шавхай туулдаг
Яасан янзын гутал вээ чи!

Энд тэнд ер сонстож таарахаа байсан хүүхдийн энэ дууг бараг зохиогчид нь мартаа байлгүй. Нөгөө "чөтгөртэй дуу" гэсэн чинь, -Чанх дэргэд хүүхэд уйлхиймаа гэлээ гэдэг шиг энэ дууг "буруугаа бусдад нялзаадаг хүний дуу" гэж нэрлэж болмоор.

Өөрийн алдаа, буруу бүхнээ бусдад чихдэг ужиг манай нийгмийг өвч эзэмдээ юу гэлтэй. Угтаа урагшгүй муу амьдарч яваа маань таны, миний, бидний л муугийнх. Бурууг харчихаад, нүдээ аниад эсвэл хараагүй юм шиг царайлаад өнгөрснөөрөө бид ч бас буруутан болж байгаагаа ухаарахсан.

Маргааш миний хүүхдүүд амьдралаа өөрийн гараар босгоно. Учир нь бэлэн тансаг амьдрал тэднийг минь хүлээгээгүй. Харин үе дамжсан авилгач, төрөөс төрсөн тэрбумтнуудын хүүхэд бэлэн юман дээр туйлж, тэдэнтэй минь зэрэгцэж амьдарна.

Болдог бол нөгөө ой тогтоолтын Хатанбаатараар нийт ард түмэндээ хичээл заалгаад ой тогтоолтыг нь, тэр тусмаа улс төрийн ой санамжийг нь сайжруулахсан. Учир нь "тэд" ард түмнийг дэндүү ой муутай гэж басамжилж байна. 4 жилдээ ганц бус ойр ойрхон ард түмний улс төрийн ойг сэргээж байгууштай. Ингэж чадвал тэд сонголтоо хийхдээ зөвхөн сонгуулийн жилийг шинжиж бус 4 жил, 8 жил цаашилбал 20 жилийг цэгнэх болно. Энэ нь 76-г зөвхөн сонгуулийн жилд бус бүхий л цаг үед зарчимч, хариуцлагатай байлгах хөшүүрэг болох ч юм билүү гэж мунхаглан бодов.

Монголын интернэт хэрэглэгчдийн дийлэнх нь залуус гэчихвэл нэг их эндүүрэл болохгүй биз. Аль ч улсад ийм л байгаа. Харин би уншиж байгаа мэдээнийхээ доор хүмүүсийн бичсэн сэтгэгдлийг уншаад айдаг боллоо. Хүн бүр болсон явдлыг (энэ нь юу ч байж магад) яаж ийж байгаад улс төртэй хутгаад хаячих юм. Ингэхдээ асуудлыг дандаа аль нэг намын өнцгөөс харж, тайлбарлах гэж оролдох нь аймаар ч юм шиг.

Эрхэмлэж явах үнэт зүйлсээ "ломбард"-чихаад, "нам дагавал ам тосдоно" гэсэн философиор цэнэглэгдсэн залуус зөндөө. Жирийн иргэд нь өчүүхэн ашиг сонирхол, амбицаа түр хойш нь тавиад, аливаад гагцхүү хүнийхээ хувиар, Монгол улсын иргэнийхээ хувиар хандаж чадахгүй байхад улс төрчдөөс үүнийг шаардах нь хэт өөдрөг (гэнэн) бодол ч юм уу.

Хэлэхэд ичмээр ч чин үнэндээ бид сонгож байгаа хүнээ (намаа) огт танихгүй байна ш дээ. Тэгээд л 4 жил "Та нар өөрсдөө л сонгоо биз дээ. Хохь чинь!" гэж тавлуулна. Нөгөө улс орнуудын авилгын индекс гэдэг шиг улс төрчдийн авилгын индекс гэж нэг юм байсансан бол сонгогч бидэнд хичнээн амар байхсан. Цаашилбал шударга байдлын үзүүлэлт, эх орончийн статистик муруй энэ тэр ч байж болмоор. 

Нам гэх үг миний чихэнд "дээрэмчид" гэж байгаа юм шиг сонстох болсоор уджээ. Тэд нам нэрийн дор нийлээд бидний ирээдүйг дээрэмдэж байна шд. Нээрээ намуудын нэрний нам гэснийг "дээрэмчид" гэж орлуулаад бодоод үзээрэй... Би ч бас зөндөө инээлээ.

Заа за баахан улс төржив. Улс төр яриад ам өмхийрөөгүй ч хүзүү хөшиж, гар чилэв.

Сарны хүн
17.04.2012