Wednesday, March 14, 2012

Ногоон өөрчлөлт

Дөнгөж сая нэг хүний амнаас ийм үг сонслоо. Өдөр тутмын ахуй амьдралаасаа өгсүүлээд бүхий л үйл ажиллагаандаа байгаль эх, ус ургамалдаа ээлтэй ханддаг байхыг хэлдэг бололтой. Ус, тогоо хэмнэх нь үүний хамгийн энгийн хэлбэр юм байна. 

Бодоод байсан чинь би "ногоон өөрчлөлттэй хүн" юм. Тэр бүү хэл анхнаасаа л "ногоон хүн" байжээ. Учир нь би ус, тогонд дэндүү "хайртай". Тиймдээ ч хэмнэхийг хичээдэг. Энэ яриагаа түр орхиод, сэтгэл хангалуун жаргалтай амьдралын тухай ярья.

Баабарын "Ядуурал" гээд шинэхэн нийтлэлийг уншлаа. Хэдийгээр зарим нэг маань бусдаасаа илүү "жаргаад" байгаа ч, үлдсэн хэд нь юу юугүй яахаа алдчихсан юм алга гэнэ. Би ч бас тэгэж л хардаг.

Бидний "зовлон"-гийн учир шалтгаан яг аль нь вэ? Элбэг хангалуун бус амьдрал чинь үү эсвэл элбэг дэлбэг амьдарч яваа бусдын "жаргал" уу? Үүнийг ялгаж салгах нь чухал.

Зарим нь булган дээл өмсөж чадаагүйдээ "тарчилж" явахад, зарим нь өмсөх хувцастайдаа "баярлаж" явдаг. Зарим нь унах машингүйдээ "зовж" явахад, зарим нь автобусны мөнгөтэйдээ "талархаж" явдаг. Өнөөдрийн амьдралдаа сэтгэл хангалуун байх тийм хэцүү гэж үү?! Заримдаа "морь харах" хүртэл жаргал болдог шүү дээ.

Эргээд "ногоон сэдэв"-рүүгээ оръё. Би ванн дүүрэн халуун усанд орох ямар аятайхан байдгийг мэднэ. Гэхдээ тэр ванныг дүүргэхэд ямар их ус ордогийг ч бас мэднэ. Дэлхий нийтээрээ "хэрэглээний галзуурал"-аар өвчилсөн цаг үед бид амьдарч байна. Би үрэлгэн занд дургүй. Гэхдээ мөнгөнд үрэлгэн хандаж болно. Харин усанд биш! Нэг литр усанд мянган төгрөг үрж болно. Харин авсан усандаа үрэлгэн хандаж болохгүй! Нэг модийг сая төгрөгөөр тарьж болно. Харин тэр модоо огтолж болохгүй! Бид мөнгөнөөс бусад бүх зүйлд үрэлгэн хандаж чадаж байна. Угтаа яг эсрэгээрээ баймаарсан. Үнэгүй юм үрэхэд зовлонгүй байдаг. Үнэгүй учраас л бид "тэд"-энд үрэлгэн хандаж байна.

Гал аюултай гэдгийг заавал гараа түлж байж ухаарах албагүй. Гэхдээ бидний Монголчууд зарим нэг зүйлийг заавал биеэрээ туулж байж ухаарах гэж "зөрүүдлэх" юм. Нөгөө сар бүрийн эхний өдөр архи зардаггүй өдөр гэдэг шиг сардаа нэг Улаанбаатарчуудыг 24 цаг усгүй, тоггүй байлгаж үзэхсэн.

Аминчхан Монголчуудад "хойч үеийнхээ төлөө" гэх тодотголтой бүхэн "Өө маньд хамаагүй юм байна" гэж ойлгогддог юм болов уу. Тэгвэл өөр хэний ч төлөө биш, өөрийнхөө төлөө өнөөдрөөс "ногооноор өөрчлөгдөөч"!

Эрдэнэчулуун гэх залуугийн санаачлагаар өрнөж буй нэг "ногоон хөдөлгөөн" сүүлийн үед Биз-ийг чимэх болсон. Энэ ажлынх нь хүрээнд ганц мод ургасан байсан ч би баярлана. Зарим нь нэг кг алтны төлөө ой сүйтгэж байхад, нэг мод ургуулахын төлөө харамлаад байх юу байхав!

"Ногоон хувьсгал"-ыг "ногоон хүмүүс" л хийнэ. Тиймээс "ногоон ухамсар"-тай иргэдийг хүмүүжүүлэх үүргээ өнөөдрөөс хэрэгжүүлцгээе!